Аймаг, нийслэл болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 10 дугаар сарын 15-нд 07:00-20:00 цагийн хооронд улс даяар явагдана.

Энэ удаагийн сонгуульд нийт 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөнө. Үүнээс аймаг, нийслэлийн хэмжээнд 816 мандатын төлөө 1901 хүн, сумын 7162 суудлын төлөө 8 намаас 14388 хүн, дүүргийн 291 суудлын төлөө 6 нам, эвслээс 696 хүн нэр дэвших аж. Нэр дэвшигчдэд энэ сарын 30-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

Тус сонгуультай холбоотой асуудлаар СЕХ-ны гишүүн Д.Дүүрэнбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сонгогчид аймаг, нийслэл болон сум, дүүргийн гэсэн хоёр сонгуульд нэгэн зэрэг саналаа өгнө. Саналаа хэрхэн өгөх заавар нь саналын хуудас дээр тодорхой байх учир зааврыг сайн анхаарч саналаа өгөх хэрэгтэй.

Өмнө нь сонгуулийн хэсэг бүрт ирц 50, түүнээс дээш хувьтай байснаар ирц бүрдэж сонгууль хүчин төгөлдөр болдог байсан бол шинэ хуулиар ирц хамаарахгүй. Гэхдээ иргэдийг өндөр ирцтэйгээр сонгуульдаа оролцохыг уриалан ажиллана. 

Өмнөх бүх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагддаг байсан бол шинэ хуулиар санал авах цагийг багасгаж, 20:00 цаг хүртэл болгосон. 

Санал хураах өдөр буюу 10 дугаар сарын 15-нд бүх нийтээр амрана. Иймд сонгогчид саналаа эртхэн өгөх нь зүйтэй.

Сонгогчдын бас нэг анхаарах зүйл нь өмнөх сонгуулиудаар сонгогчид мандатын тоотой тэнцүү хүнд саналаа өгч байсан. Өөрөөр хэлбэл, хоёр мандаттай тойрогт заавал хоёр хүнийг дугуйлдаг, нэг хүнийг дугуйлахаар саналын хуудас нь хүчингүй болдог байсан. 

Энэ удаагийн сонгуулиар хоёр мандаттай тойрогт хоёр хүн дугуйлсан ч, нэг хүн дугуйлсан ч, нэг ч хүн дугуйлахгүй байсан ч саналын хуудас нь хүчинтэй, санал өгсөнд тооцогдоно. Зөвхөн мандатын тооноос олон хүний төлөө саналаа өгсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно.

2020 оны УИХ-ын сонгуулиар 29 тойргийн буюу 29 төрлийн саналын хуудсыг хэвлэсэн. Энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар нийт 1788 төрлийн саналын хуудсыг хэвлэнэ. Саналын хуудас алдаатай эсэхийг аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо хариуцна.

Сонгуулийн сурталчилгаа 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ" хэмээлээ.