Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам дараах мэдэгдлийг гаргажээ.

Итали Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад тавьсан хориг арга хэмжээний хугацааг 5 дугаар сарын 3 хүртэл сунгахаар болов.

Чингэхдээ зарим төрөлжсөн барааны дэлгүүрүүд тухайлбал номын дэлгүүр, хүүхдийн дэлгүүр, модны үйлдвэр, цахилгаан хэрэглэлийн дэлгүүр зэргийг ажиллуулахыг зөвшөөрөв. Дээрх шийдвэрийг коронавирусын халдвар их байгаа зарим мужууд дагахгүй байж болох тухай Ерөнхий сайд зөвлөв. Тухайлбал, Пиемонтед зөвхөн хүнсний бүтээгдэхүүний дэлгүүрүүд нээлттэй, Ломбарди, Кампания мужид хүүхдийн дэлгүүрийг нээх зэрэг шийдвэрүүдийг тухайн мужийн захирагчид гаргаад байна.

Иймд Итали Улсад оршин сууж байгаа Иргэд та бүхэн анхаарал, болгоомжоо сулруулалгүй, Монгол Улсын болон Италийн Улсын Засгийн газраас гаргасан зөвлөмжийн дагуу гадуур гарах хөдөлгөөнөө үргэлжлүүлэн бүрэн хязгаарлаж, амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихыг онцгойлон анхаарна уу.

Өнөөдрийн байдлаар дэлхийн бусад орнуудад байгаа Монгол Улсын 7888 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан байна. Монгол Улсын Засгийн газраас тусгаарлах байрны хүрэлцээ хангамж, эдгэрч байгаа иргэдийн нөхцөл байдал, эрсдэлийг нарийвчлан тооцож тусгай нислэгийн товыг тогтоохоор байна. Улсын онцгой комиссоос иргэдээ боломжоороо татан авах бодлого барин ажиллаж байгаа тухай мэдэгдээд байна.

Хилийн чанадад удаан хугацаагаар оршин сууж буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл хүргэхэд цахим бүртгэл чухал ач холбогдолтой тул цахим бүртгэлээ хийгээгүй иргэд https://citizen.gov.mn цахим хуудсанд хандан бүртгэлээ хийхийг хүсье.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) –аар холбогдоно уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам
Ром хот