Сүүлийн үед зөрчлийн тухай  хуулиар  төрсний гэрчилгээгээ гээвэл 80 мянга, иргэний үнэмлэхээ хаявал 250 мянга, жолооны үнэмлэхээ үрэгдүүлвэл 300 мянган төгрөг төлж авна гэсэн мэдээллийн дагуу иргэд Иргэний бүртгэлийн мэдээллийн төвд ачаалал үүсгэх болжээ. Энэ талаар Иргэний бүртгэлийн газрын хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.


-Бичиг баримтаа үрэгдүүлвэл торгоно гэсэн мэдээлэл иргэдийн дунд тарсан. Энэ үнэн үү?

-Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хүмүүс нийгмийн сүлжээнд тавигдсан ташаа мэдээллээс болоод энэ сараас хэрэгжиж байна гэж ойлгоод байгаа юм. Урт дараалал үүсгээд байгаа асуудлын хувьд цуу ярианаас болж ачаалал үүсгэсэн. Бичиг баримтаа хаяж гээгдүүлвэл тийм их хэмжээний торгуулиар торгоно гэсэн заалт зөрчлийн тухай хуулинд байхгүй.


-Юунаас болж ийм яриа гарав?
-Зөрчлийн тухай хуулинд Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан иргэнийг 25 мянган нэгжээр /25 мянган төгрөг/, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй /250 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт  байдаг. Үүнтэй андуурагдаад байх шиг байна. Мөн эдгээр бичиг баримтыг зориуд гэмтээсэн байвал дээрхтэй ижил хэмжээний торгуультай болсон.


-Бичиг баримт барьцаалдөг газрууд байдаг. Тэдний талаар гомдол ирж байна уу?
-Зарим иргэд бичиг баримтаа төлбөрийн хэрэгсэл маягаар ашиглах нь бий. Одоохондоо манайд бичиг баримт барьцаалсан, барьцаалуулсан гэсэн гомдол ирээгүй. Иргэдийн зүгээс Улсын бүртгэлийн газарт энэ төрлийн гомдол, санал хүсэлтээ ирүүлвэл манай хяналтын байцаагч нар шалгаж эхэлнэ.


-Иргэний үнэмлэх хаяж гээгдүүлсэн иргэн ямар торгууль хүлээх вэ?
-Тухайн иргэн иргэний үнэмлэх, гадаад паспортоо хаяж үрэгдүүлсэн бол 24 цагийн дотор оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл мэдээлэл хариуцсан газраа мэдэгдэх ёстой.  Хэрэв мэдэгдээгүй бол  30 нэгжтэй тэнцэх /30 мянган төгрөг/ хэмжээний торгууль хүлээдэг. Иргэд үүнийг мэддэггүйгээс болж бичиг баримтаа үрэгдүүлсэн л бол заавал торгуулах ёстой юм шиг ойлгоод байна.  Иргэн анх 16 нас  иргэний үнэмлэх авдаг. Дараа нь 25, 45 насандаа иргэний үнэмлэхээ дахин шинэчилж авах журамтай. Ингэхдээ тухайн насанд хүрсэн өдрөөсөө эхлээд 30 хоногийн дотор бичиг баримтаа шинэчлэн авах ёстой. Хэрэв авч чадаагүй бол зөрчлийн тухай хуулиар 30 нэгжтэй /30 мянган төгрөг/ тэнцэх хэмжээний торгуулиар торгуулдаг.


-Иргэд бичиг баримтандаа хэр хямгатай хандаж байна?
-Бичиг баримтаа хадгалж эзэмших нь иргэнд хуулиар оноогдсон үүрэг. Манай иргэдийн хувьд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлэх нь жилээс жилд багасч байгаа. Өнгөрсөн оны  өдийд 60 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж бичиг баримтаа хаяж үрэгдүүлсэн бол энэ жилийн хувьд 32 мянга болсон.

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй /20 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй /25 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй /250 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй /30 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй /300 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.