Эрүүл мэндийн салбарын 8/20 зорилтод “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх” тухай тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд нийт 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, үнийг нь бууруулжээ. Ялангуяа ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувь, тархины цусан хангамж сайжруулах эмийг 60 хүртэл хувиар тус,тус хөнгөлсөн байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг аж. Тиймээс эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эмийг ДЭМБ-ын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурлан сонгож, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлан, мөрдөж ажилладаг байна.

Өнгөрсөн 2017 онд зайлшгүй шаардлагатай эмийн 8 дугаар жагсаалт, хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 1 дүгээр жагсаалтыг тус, тус баталжээ. 2018 онд ЭМД-ын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 15-наас  эхлэн мөрдөх болсон.

Тус тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92 хувь, 0-5 настай хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80 хүртэл хувь зэрэг нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна.

Энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд ЭМД-ын сангаас 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөж, улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан үйлчилгээ үзүүлж байна.

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод,элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмсэн бөгөөд 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай уулзалт хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.

Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасч, учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг бууруулж чадсан байна.



Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар