Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу Улсын онцгой комисс, Засгийн газар өчигдөр орой хуралдаж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Тодруулбал, Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас 11 дүгээр  сарын 17-ны 06:00 цагийг дуусталх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд буюу хатуу хөл хорионд шилжүүлж байна. /Энэ талаарх шадар сайдын мэдээллийг ЭНД дарж уншина уу/

Хөл хорионы хатуу дэглэмийн үед дараах байгууллагууд, тэдгээрийн ажилчид хэвийн горимоор ажиллана. 

  • Хүнсний хангамж хэвийн явах ёстой учир хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, 
  • Шатахуун түгээх станц, 
  • Нефт хангамжийн  байгууллагууд, 
  • Эмийн сан, 
  • Эмнэлэг, 
  • Худаг, усан хангамж, 
  • Эрчим хүч,  
  • Дулааны цахилгаан станц, түлш, 
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, 
  • Буяны  үйл ажиллагаа, 
  • Хот хоорондын хүнсний тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдана. 

Бусад хүмүүс хүнс, ус авах, эмийн сан орохоос бусад тохиолдолд гэрээс аль болох гарахгүй байх шаардлагатай.


Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Улсын хэмжээнд хөдөлгөөнийг аль болох бүрэн зогсоох чиглэлд ажиллаж буй учир иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Үүнд хяналт тавина. Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид гудамж талбай, орц, гарцад бүгдэд нь хяналт тавьж ажиллахаар зураглал гаргаж байна" гэв.

Төрийн  байгууллагуудын хувьд коронавирустэй холбоотой тодорхой тооны хүмүүс  ажиллана. Бүх салбарт гамшгаас хамгаалах улсын алба байдаг. Тэр албадуудад хэн ажиллах вэ гэдэг нэрс өнөө орой гарна. Тэр хүрээний хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна.

Хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилчиддаа гэрээсээ онлайнаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж, уриалж байна. Монголчууд бид ингэж хамтдаа тэмцэж байж үр дүн гарна гэж тооцож байна.

Ажиллах шаардлагатай хүмүүст зориулж, ажилдаа явах, харих үед нь буюу өглөө 06:00-10:00 цаг, орой 17:00-21:00 цагуудад нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Автобусад амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол зохион байгуулна.