Манай улс ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч оюутнаа өчигдөр хүлээн авч, тусгаарласан.

Шинжилгээгээр тэдний 55-аас нь /өглөө 18, үдээс хойш 37/ коронавирус илэрснийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Үдээс хойш буюу 16 цаг 45 минутад мэдээлэл хийх үеэрээ ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн нийт 98 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. 15 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 83 хүн эмчлүүлж байна. 

ХӨСҮТ-д нийт 250 ор бэлдсэн. Үүнд дараагийн онгоцуудаар ирсэн сэжигтэй тохиолдлуудыг татан авч, хянана. Коронавирус илэрвэл эмчилгээнд оруулах бүрэн боломжтой. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид чамгүй сайн бэлдсэн. Тиймээс коронавирусийн голомтот улс оронд ядарч буй иргэдээ татаж авах нь монгол хүний ёс жудаг, мөн чанар юм.

Манай улс цөөн буюу гуравхан сая гаруй иргэнтэй учир ахан дүүс болсон элэг нэгт монголчуудаа голомттой бүсээс бололцооныхоо хэрээр татаж авч байна. Энэ нь бидний үүрэг. Истанбулаас өглөө ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьцыг өнөөдөр цуглуулж, хариуг нь маргааш 11.00 цагт мэдээлнэ.

Дараагийн ээлжид Энэтхэг, ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирэх хүмүүсээ хянаж, ялган эрэмбэлэн ялгаад сэжигтэйг нь ХӨСҮТ-д, бусдыг нь тусгаарлах байруудад нэг нэг өрөөнд оруулна. Хойд хилээр орж ирж буй иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлах байр, өрөөг бэлдсэн. 

Эмчилгээнд зориулагдсан эм тариа, оношлуур хангалттай бэлдсэн, бэлэн байна. Мөн эмнэлгийн хувийн хамгаалах хэрэгсэл хангалт сайн байна. Цаашид нөхөн хангалт хийх талаар бодож байгаа. Засгийн газраас үүнд онцгой анхаарч, бидний шаардсан хэрэгцээтэй бүх багаж, тоног төхөөрөмж, оношлуур, эм зэргийг хүссэн тоогоор авч өгсөн. Өнгөрсөн таван сарын хугацаанд бид амжилттай хамгаалсан. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийгээд яахаа тодорхойлоод явна" хэмээлээ.

Мөн тэрээр "Эмчлүүлж буй хүн сэтгэл санаагаар унавал эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Мөн дархлаа нь сулардаг. Тиймээс иргэд маань энэ хүүхдүүдээ сэтгэл санаагаар сайн дэмжвэл эмчилгээнд хувь нэмэр болно. Өөрийнхөө иргэдийг яаая гэж байгаа бусад улс гадаадын буюу манай иргэдийг тээршааж байгаа нь үнэн. 

Эдгэрэх хувь тавилан сайтай байгаа учраас иргэд маань сандрах хэрэггүй. Хамгийн гол нь бид өвчнийг илрүүлж, хяналтдаа оруулж, сэтгэл санаа болон эмийн эмчилгээг хавсарч хийгээд халдвар авсан иргэдээ эдгээх нь чухал байна. Өнгөрсөн хугацаанд алдаа гаргалгүй туршлагажсан учир дараагийн ээлжийн хүмүүсээ хүлээж авах итгэл, эрч хүч байна" гэв.