“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар мэдээлэл хийлээ.

Мөн сүүлийн үед зарим хэвлэлээр НОСК-ийн  гурван ажилтан хоёр тэрбум төгрөгийн авлига авч, шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарах болсонтой холбогдуулан тайлбар хийлээ.

Энэ талаар НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм "НОСК-ийн ганц ч ажилтан авлигатай холбоотой хэргээр шалгагдаагүй" гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Тиймээс энэ төрлийн мэдээ мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаагийн байгууллагад өгч, зохих журмын дагуу шалгуулна гэв.

Одоогоор НОСК-ийн цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35,058 иргэн бүртгэлд хамрагдсан байна. Тэднээс 580 айлд түрээсийн орон сууц оногдож байгаа аж. Харин Үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах учиртай.

Сонгон шалгаруулах комисс иргэдийн материалыг эхнээс нь эрэмбэлж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдийг түрээсийн байранд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд илгээсэн мэдээллийг нягталж байгаа гэлээ.

Хэрэв иргэд санаатайгаар мэдээллээ буруу илгээсэн бол НОСК-ийн хар жагсаалтад бүртгэгдэх аж.