Засгийн газраас тэтгэврийн зээлийн жилийн хүүг бууруулах талаар шат дараатай арга хэмжээ авч байна. 

Тухайлбал 6 сар хүртлэх тэтгэврийн зээлийн жилийн хүү 15 байсныг 12 хувь болгож бууруулсан бөгөөд ирэх жилээс хугацааг нь сунгаж 1 хүртлэх жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн жилийн хүүг 10 хувь болгох юм. Харин хоёроос дээш жилийн тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15.6 хувь хүртэл бууруулахаар тохирсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн жилийн 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохироод байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэв.

Мөн тэрбээр," 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Эдийн засгийн боломж нөхцөл тааруу, Засгийн газар ОУВС-тай хамтарч санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Түүнчлэн ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг үндэслэж, хариуцлага, ур чадвараас  хамаарч зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөх арга хэмжээ авч байна. Ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад удаан жилийн нэмэгдэл олгохоор болсон. Ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн эх үүсвэрийг 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна" гэлээ.