2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар өнөөдөр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг "БСШУС-ын сайд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн элсэлттэй холбоотой зарим арга хэмжээний талаар тушаал гаргасан. Тус тушаалын 4 дүгээр заалтад ЕБС-ийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох үүрэг өгсөн. Энэ дагуу нийслэлийн Боловсролын газрын даргын энэ сарын 9-ний өдрийн тушаалаар нийслэлийн ЕБС-ийн Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Уг тушаалын дагуу нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг зохион байгуулж байна.

Мөн элсэлт зохион байгуулах тухай нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар Нийслэлийн ЕБС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 13-27-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 6 настай 38.232 хүүхэд ЕБС-д элсэнэ. Үүнд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхэд хамрагдана. Хамран сургах тойргийн дагуу ЕБС-ууд хүүхдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүй, төлбөргүйгээр элсүүлэх удирдамжийг хүргүүлсэн байгаа. 

Ирэх хичээлийн жилийн элсэлтийн нэг онцлог нь ЕБС-ийн элсэлтийг сургууль дээр бүртгэхээс гадна нэг дүүрэг дээр цахим элсэлтийг зохион байгуулахаар сонгосон. Улмаар Чингэлтэй дүүрэгт цахим элсэлтийг авна" хэмээн мэдэгдлээ.

Цахим элсэлтийн талаар Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг "Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэгт энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар явуулж эхэлж байна. БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS цахим систем дээр цахимаар элсэлт авч байна. Цахим системээр зөвхөн Чингэлтэй дүүргийн Хамран сургах тойрогт сурах хүүхдүүдийг бүртгэнэ. Хүүхдээ бүртгүүлэх эцэг, эхчүүд esis.edu.mn систем рүү орж, өөрийн бүргэлийг үүсгэнэ. Тус дүүргийн хүүхдүүд цахимаар бүртгүүлэхээс гадна сургуулиуд дээр очиж бүргүүлж болно" гэв.

Элсэлтийн явцын мэдээг 2019 оны  тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.