Газрын төлбөрийн тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг, хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан газрын бүртгэлийг ил тод болгох, цахимжуулах, газрын төлбөр ногдуулалт, төлөлтийг хялбарчлах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.

Түүнчлэн, Газрын тухай хуульд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумдын газрын даамлын эрх хэмжээнд газрын төлбөрийг ногдуулж, хураахаар заасан боловч газрын даамал нь Татварын ерөнхий хуульд заасан татвар ногдуулах, хураах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул газрын төлбөр төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн этгээдээс төлбөр хураахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг байна. 

Өнөөгийн байдлаар газрын төлбөрийг сум, дүүргийн газрын даамал хураан аймаг, нийслэлийн төсөвт орлогыг 100 хувь төвлөрүүлж байгаагийн улмаас тухайн сум, дүүрэг бие даан газартай холбоотой үүсдэг тулгамдсан асуудпаа шийдэх санхүүгийн боломжгүй болж, орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг бууруулж байна. 

Иймээс газрын асуудлаар үүсээд буй хүндрэлийг сум, дүүрэг нь өөрөө шийдвэрлэх боломж олгох, орлого төвлөрүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ үндсэн дээр газрын бүртгэлийг цахимжуулж ил тод болгох, төлбөр ногдуулах, төлөх харилцааг хялбарчлах, сум, дүүрэг бие даан газрын асуудлаа шийдвэрлэх, газрын төлбөр хураах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах болон Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Мөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн дагуу Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдпагыг сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд буюу Ирээдүй өв сан корпораци хэрэгжүүлэхээр заасан. Иймд Ирээдүйн өв сан корпораци тогтвортой бие даан үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэлх хугацаанд сангийн хөрөнгийн удирдлагыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтийг Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулахаар тусгажээ.

Ирээдүй өв санд 2019 оноос хойш анх удаагаа хуримтлал бий болж, одоогоор 363 тэрбум төгрөг байна. Өмнө нь Хүний хөгжил сангийн 1.2 их наяд төгрөгийн өр байсныг буцааж төлсөн. Энэ мөнгийг дотооддоо оруулах нь хуулиараа хориотой. Учир нь баялгийн хараалаас зайлсхийхийн тулд энэ хөрөнгийг гадаадад урт хугацааны эрсдэлгүй үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн зохицуулалттай. 2030 он хүртэл эндээс нэг ч төгрөгийг зарцуулах боломжгүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.