ЖАКАРТА. /TASS/. Индонезын Суматра арлын эрэг хавьд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртжээ. Энэ тухай мэдээллийн "Detik" цахим хуудас тус улсын хууль сахиулах байгууллагуудын мэдээллээс иш татан мэдээлсэн байна.

Тус цахим хуудсанд мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас цочролд орж, зүрхний шигдээсээр нэг хүн нас барсан байна. Газар хөдөлсний улмаас 139 байшин, хоёр сүм эвдэрч сүйдсэн бөгөөд 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Баасан гарагт Индонезын баруун нутагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь 1.3 сая хүн амтай Тангеринг хотоос баруун өмнөд зүгт 261 км зайтай газар 10 км-ын гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлт Ява арал дээр оршдог нийслэл Жакарта хотод мэдрэгдсэн байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг