ЖАКАРТА. /CNN/. Индонезын парламент насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн гэрлэх доод насыг 19 болгон нэмжээ.

Одоогийн хууль тогтоомжид зааснаар охидыг 16 настайгаас, хөвгүүдийг 19 настайгаас гэрлэхийг зөвшөөрдөг байна. Түүнчлэн эцэг эхчүүд залуу охидын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шашны шүүх болон орон нутгийн эрх баригчдаас хүсдэг аж. Энэ тохиолдолд гэрлэлтийн доод насыг харгалзаж үздэггүй аж.

“Индонез улс нь насанд хүрээгүй сүйт бүсгүйчүүдийн тоогоор дэлхийд наймдугаарт бичигддэг” гэж “Girls Not Brides” байгууллагын тайланд мэдээлсэн байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, Индонез охидын 14 хувь нь 18 насанд хүрэхээсээ өмнө гэрлэдэг бол 1 хувь нь 15 насны төрсөн өдрөө тэмдэглэхээсээ өмнө хуримладаг аж.  

Ядуурал, гэр бүлийн нэр хүндийн талаарх үзэл санаа, нийгмийн дэг журам, шашны номлол зэрэг нь насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх гол хүчин зүйл болдог байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг