СИНГАПУР. /TASS/. Индонезын парламентын доод танхим буюу Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн даргын албыг анх удаа эмэгтэй хүн хашихаар болжээ. “The Jakarta Post” сонинд бичсэнээр, орчин үеийн Индонез улсыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд үндэсний баатар Сукорногийн зээ охин Пуан Махарани парламентын доод танхимын дарга болсон байна.  

74 жилийн дараа парламентыг эмэгтэй хүн тэргүүлэхээр боллоо. Энэ үйл явдал манай улсын олон эмэгтэйд өөрсдийгөө янз бүрийн салбарт сорихоос айх хэрэггүйн жишээ болно хэмээн найдаж байна” гэж өдгөө 46 настай Пуан хэлжээ. Түүний ээж 72 настай Мегавати Сукарнопутри нь Индонезын томоохон нам болох Ардчилсан тэмцлийн намын дарга юм.

Хүний хөгжил, соёлын асуудал эрхэлсэн сайдын албыг хашиж байсан шинэ спикер 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гол нэр дэвшигчдийн нэг болсныг шинжээчид тэмдэглэж байна. Үүнээс гадна, Пуан 2020 онд Индонезын Ардчилсан тэмцлийн намын даргын албан тушаалд ээжийнхээ оронд сонгогдоно гэдгийг улс төр судлаачид онцолжээ. Тус нам дөрөвдүгээр сарын сүүлээр болсон сонгуулиар шинэ парламентад олонхын суудал авсан байна.

Сукорно 1945-1967 онд Индонез улсыг удирдаж байсан бол охин Сукарнопутри нь тус улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албыг 2001-2004 онд хашиж байв.


Эх сурвалж: Монцамэ агентлаг