СИНГАПУР. /TASS/. Хортой бодис агуулсан хог хаягдал бүхий таван чингэлгийг Индонез улс АНУ руу буцаан илгээхээр болсон байна. Энэ тухай “The Jakarta Post” сонин Индонезын Байгаль орчин, ойн аж ахуйн яамны мэдэгдлээс иш татан уламжилжээ.


Тус сонинд мэдээлснээр, чингэлгүүдийг хөлөг онгоцуудад хэдийнэ ачсан бөгөөд ачаа анх Канадынх байсан хэдий ч удахгүй Америкийн боомт руу илгээх аж. “Цаас, мод, нэхмэл даавуу, гутал зэрэг байгаль орчинд аюулгүй хог хаягдал байх ёстой нийтдээ 65 чингэлэг ирсэн. Гэвч шалгалт хийсний дараа дор хаяж таван чингэлэгт хортой хог хаягдал байсныг илрүүлсэн” гэж Индонезын Байгаль орчин, ойн аж ахуйн яамны мэдээлэлд дурдсан байна.   


Өмнө нь Малайзын эрх баригчид мөн ийм арга хэмжээ авсан юм. Тус улс Австрали, Канад, АНУ зэрэг 14 улсын 3000 тонн хог хаягдал бүхий 60 чингэлгийг удахгүй буцааж илгээх аж. Үүнээс гадна, хог хаягдлаас үүдэлтэй дипломат маргаан саяхан Филиппин болон Канадын хооронд гарсан билээ. 2013 онд дахин боловсруулсан хог хаягдал нэрийдлээр хувийн компаниудын Филиппинд авчирсан 69 чингэлэг дахин боловсруулаагүй хог хаягдлыг Оттава заасан хугацаанд тус улсын нутаг дэвсгэрээс гаргаагүйтэй холбоотойгоор Манила Элчин сайд болон Консулаа Канадаас эргүүлэн татжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг