Бичгийн их хүмүн, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч.Ц.Дамдинсүрэнд зориулсан хөшөөг тун удахгүй барихаар төлөвлөөд байна. Санаачилагчид нь Нийслэлийн Засаг даргийн тамгын газрынхан юм. Үндэсний хэл, бичгийг сурталчлах ажлын хүрээнд гурван үндсэн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаагийн нэг нь энэ ажээ.

Харин хөшөө барих байршлыг хараахан тогтоогүй бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн шийдвэрлэх юм байна.

Бичиг соёлын өдрийн хүрээнд Улсын их дэлгүүрийн баруун зүүн талын 76, 1-3 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 44, 60 дугаар байрны дээвэр, фасад дээр Үндэсний бичиг бүхий гэрэлт сурталчилгааны байгууламж байрлуулах ажлын зураг төслийг боловсруулсан байна. Тухайн дөрвөн байрны дээр Улаанбаатар хотын билэгдэл болсон дөрвөн хүчтэний дүрс бүхий гэрэлт байгууламж, ханан хэсэгт Монгол бичгэн гэрэлт самбаруудыг байршуулахаар төлөвлөсөн байна. Бичиглэлийн хувьд “Миний сайхан хот”, “Бид нийслэлдээ хайртай”, “Өргөөгөөс Улаанбаатар” зэрэг үгийг уран бичлэгийн мастер Д.Баттөмөрийн “Аттилла тиг”-ээр бичихээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөсөн ажлыг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд Үндэсний бичиг бүхий биет байгууламж байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Уг байгууламжийн загвар шалгаруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж, шалгаруулалт явагдаж байгаа юм байна.