Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.

XX зууны эхээр АНУ-д үүсч байсан жазз хөгжмийн урсгалыг 50 гаруй жилийн тэртээ манай улсын орчин үеийн эстрад урлагийг үндэслэгчдийн нэг “Баянмонгол” чуулга бидэнтэй анх танилцуулж байсан түүхтэй.

Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хорших уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим гэлцдэг. Жинхэнэ амьд тоглолтоор торгон мэдрэмжийг төрүүлдэг энэхүү хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жааз рок, жааз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг.

Үзэгч сонсогч та бүхнийг “Их талын жазз” олон улсын наадмыг зорин ирж жазз хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.