МОСКВА. /Риа Новости/. Их Британийн парламент “Brexit”-н тухай хуулийн төслийг сайшаан дэмжжээ. “Салах” нөхцөлүүдийн тухай Европын Холбоотой зөвшилцсөн гэрээг өөртөө агуулсан тус хуулийн төслийг 358 депутат дэмжсэн бол 234 хууль тогтоогч эсэргүүцжээ.


Их Британи Европын Холбооноос 2020 оны 1 дүгээр сарын 31-нд гарах ба шилжилтийн үеийг сунгах боломжоос татгалзахыг санал болгож буй баримт бичгийг Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн баасан гарагт парламентад дахин танилцуулжээ.  


2016 онд болсон бүх ардын санал хураалтын дүнд Их Британи Европын Холбоог 2019 ны 3 дугаар сарын 29-нд орхих ёстой байсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед Их Британийн Ерөнхий сайд байсан Тереза Мэй “Brexit”-н тухай Европын Холбоотой зөвшилцсөн хэлэлцээрийг парламентаар батлуулах оролдлого хэдэн сарын туршид бүтэлгүйтсэн билээ. Тодруулбал, “Brexit” хэрэгжиж, хилийн шинэ гэрээнд гарын үсэг зурсны дараа Умард Ирланд болон Бүгд Найрамдах Ирланд улс хоорондын хил хяналтгүй болох тухай асуудал яригдаж байсан юм. 



2019 оны 10 дугаар сард Ерөнхий сайдын суудлыг эзэлсэн Борис Жонсон тэргүүтэй Их Британийн эрх баригчид Европын Холбоотой гэрээний шинэ төлөвлөгөөг зөвшилцсөн юм. Энэ тохиролцоо нь “Brexit”-н дараа Умард Ирланд Их Британийн гаалийн нутаг дэвсгэр хэвээр үлдэх хэдий ч ЕХ-ны нэгдмэл зах зээлийн дүрэм журмыг үргэлжлүүлэн биелүүлэхийг санал болгосон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг