ЛОНДОН. /TASS/. Их Британийн Хатан хааны зоосны ордон /The Royal Mint/ "тансаг бараа бүтээгдэхүүнийг үнэлдэг" үйлчлүүлэгчдэд зориулж, цэвэр алтаар хийсэн төлбөрийн анхны карт гаргалаа гэж “Daily Mail” сонинд мэдээлжээ.

Арван найман каратын үнэт металлаар хийсэн банкны төлбөрийн ийм хэрэгслийг 18.75 мянган фунт стерлинг /23 мянган ам.доллар/ төлөх чадвартай хэн бүхэн эзэмших боломжтой.

Америкийн “Mastercard” компани болон технологийн “Accomplish Financial” компанитай хамтран бүтээсэн уг картын эзэмшигчийн нэр болон гарын үсгийг сийлэх аж. Цэвэр алтан картын эзэмшигчээс харилцах дансны гүйлгээ, түүнчлэн валютын гүйлгээний төлбөр хураамж авахгүй байна. Мөн гадаадад аяллаар явах үед хамгийн давуу эрх бүхий карт эзэмшигчдэд хамгийн үнэтэй үйлчилгээг үнэгүй үзүүлдэг нэмэлт үйлчилгээ /консьерж/ болон хөнгөлөлтийн багцтай аж.

"The Royal Mint"-ийн гүйцэтгэх захирал Энн Жессопын ярьснаар, "цэвэр алтаар хийгдсэн ийм карт гаргасан нь сүүлийн үеийн шинэ технологийг хослуулсан “төлбөрийн өвөрмөц, тансаг хэрэгслийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой байна”.


Эх сурвалж: Монцамэ агентлаг