Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани Шинэ Зеландад анхны салбар дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа тухай компанийн төлөөлөгч баасан гарагт мэдээлэв.

Шинэ Зеландын хамгийн том хот болох Оклендэд ойрын хэдэн жилийн хугацаанд салбар дэлгүүрээ байгуулах бөгөөд үүнээс өмнө хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор түр хугацааны дэлгүүрийг/pop-up store/ ажиллуулах ажээ.

Тавилгын сонголт хязгаарлагдмал, өндөр үнэтэй байдаг зэрэг нь Шинэ Зеландчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед “Ikea” компани дээрх мэдэгдлийг хийсэн байна.

“Ikea” компанийн мэдээлснээр, одоогийн байдлаар дэлгүүрийн барилгын байршил, хэмжээ болон нээлтийн өдөр зэргийг төлөвлөх ажил явагдаж байгаа аж. Салбар дэлгүүр нээгдсэнээр Шинэ Зеландын олон зуун иргэнийг ажлын байраар хангаж, 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох ажээ. 

Энэхүү дэлгүүрийн үйл ажиллагааг “Ikea” компанийн “Ingka” групп хянах бөгөөд тус групп нь дэлхийн 30 оронд 367 дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцдаг ажээ. “Ikea” компани нь дэлхий даяар 208 мянга гаруй ажилтантай ба тэдгээрийн 160 мянга орчмыг “Ingka” групп ажлын байраар хангадаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP