Йемений иргэний дайныг дуусгавар болгох энхийн яриа хэлэлцээ пүрэв гарагт Шведийн нийслэл Стокхольм хотноо эхэлжээ. НҮБ-ын зуучилсан энэхүү яриа хэлэлцээнд Йемений засгийн газар болон босогчдын төлөөлөл оролцож байна.

Уг уулзалт нь сүүлийн хоёр жил хагасын хугацаанд зохион байгуулж буй энхийг тогтоох тухай анхны хэлэлцээр болж байгаа юм. “Сөргөлдөгч талууд улс орныхоо ирээдүйг бодож, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй” гэж НҮБ-ын төлөөлөгч Мартин Гриффитс хэлжээ. 

НҮБ-аас мэдээлснээр, талууд олон мянган хоригдлыг харилцан солилцохоор зөвшилцсөн хэдий ч тэдний хоорондох үл итгэлцэл хэвээр байгаа ажээ.

Яриа хэлэлцээний үеэр боомтын Ходейда хот дахь мөргөлдөөнийг зогсоож, хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх талаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа ба тус хот нь хүнсний импорт нэвтрэх гол цэг болдог юм.

Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жил гаруйн өмнө буюу 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдэж эхэлжээ. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлснээс хойш сөргөлдөгч талуудын мөргөлдөөн улам ширүүссэн юм.

Иргэний дайны улмаас олон мянган Йемен хүн амь үрэгдсэний зэрэгцээ дэлхийн хамгийн аймшигтай хямралыг үүсгэсэн юм. Хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас бага насны олон мянган хүүхэд нас барсан төдийгүй олон мянган иргэн өлсгөлөнгийн ирмэгт тулж ирээд байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN