Нийгмийн эмзэг асуудлуудад ашгийн бус байгууллагуудаас шийдэл дэвшүүлсэн санаачилгуудад санхүүгийн дэмжлэг олгож ирсэн Монгол дахь Канад сан 22 дахь удаагийн төсөл шалгаруулалтаа хийж, 2019-2020 онд хэрэгжих төслүүдийн санхүүжилтийг баталлаа. 

Хөгжиж буй орнуудын хөгжлийг Канад Улсын Засгийн газраас дэмжигч хөтөлбөр болох Канад сан нь 1997 оноос хойш дүүрэг, орон нутаг, олон нийтийн тогтвортой хөгжлийн төлөө нийт 426 жижиг төсөлд 7 сая гаруй канад долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоод байна. 

Давхардсан тоогоор нийт 6 сая иргэн эдгээр төслийн үр ашгийг Монголд хүртсэний ихэнх хэсгийг хүүхэд, эмэгтэйчүүд бүрдүүлж буй. Мөн төслийн санхүүжилтийн тал хувийг  хүний суурь хэрэгцээг хангах, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн асуудлуудыг шийдэх санаачилгуудад зарцуулжээ. 

2019-2020 оны Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрт нийтдээ 500 гаруй төслийн санал ирүүлснээс Улаанбаатар хот болон Булган, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих 6 төсөл шалгарч, тэдгээрт нийт 135,000 канад долларын санхүүжилтыг олгох юм байна.

Энэ жилийн шалгаруулалтад: 

- Лантуун дохио ТББ-аас “Ид шидийн орон-1” төсөл дээрээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөх магадлалтай, тус төвийн цэцэрлэгт хүмүүжиж, хамгаалах байранд байрлаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, хууль эрх зүйн тусламж үйлчилгээ, хоол хүнсний хангамжийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл;  

- Сонсголгүйн боловсрол ТББ-аас 29-р дунд сургуулийн сурагчдад зориулсан сургалт явуулах;  

- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС–д хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих зорилгоор сургуулийн тохижилт хийх; 

- Зориг сан ТББ-аас СТЕМ буюу шинжлэх ухаан, инженерийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл; 

- Булган нэг үе клуб ТББ Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт тохижилт хийх; 

- Монголын Бизнезийн зөвлөл ТББ-аас Монголын сэтгүүлчдийн чадавхийг дээшлүүлэх замаар Монгол дахь ардчилал болон бүхнийг хамарсан засаглалыг бататгахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр сонгогдоод байна. 

Канад сан нь нэг төсөлд 50,000 канад доллар хүртэлх хэмжээтэй санхүүжилт олгодог бөгөөд жилд дунджаар 6-10 төсөл шалгаруулж байна.