МОСКВА. /TASS/. Хятадын “Huawei” компани АНУ-ын хоригийн улмаас ухаалаг гар утсууддаа “Android” үйлдлийн системийн оронд Оросын “Аврора” системийг ашиглаж магадгүй тухай “The Bell” интернэт хэвлэл эх сурвалжуудыхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


““Huawei” компани "Аврора”-г суулгасан төхөөрөмжүүдээ хэдийнэ туршиж үзсэн” гэж Орос болон Хятадын талуудын хэлэлцээний явцад ойр эх сурвалжуудын нэг ярьсан байна.


Эх сурвалжуудын ярьснаар, энэ асуудлыг “Huawei”-н гүйцэтгэх захирал Го Пин, ОХУ-ын Дижитал хөгжил, холбоо харилцааны сайд Константин Носков нар, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын өмнө хэлэлцжээ. Үүнээс гадна, “Huawei”-н төхөөрөмжүүдэд ашиглах чип болон програм хангамжийн хамтарсан үйлдвэрийг Оросын нутаг дэвсгэрт байгуулах тухай хэлэлцсэн байна. 

Финландын “Sailfish” систем дээр суурилсан "Аврора" үйлдлийн системийг "Ростелеком" компани хөгжүүлж байгаа юм. Тус компанийн хэвлэлийн алба дээрх хэлэлцээг нотолж чадаагүй байна. “Huawei” компани мөн тайлбар өгөхөөс татгалзсан гэж “The Bell” мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг