Холбоотон орнуудынхаа эрх баригчид, интернет үйлчилгээ үзүүлэгчдэд болон үүрэн холбооны операторуудад Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг ашиглахгүй байхыг ятгахын тулд АНУ-ын засаг захиргаа ихээхэн хүчин чармайлт тавьж байна гэж “The Wall Street Journal” сонины цахим хувилбар мэдээлэв.

Энэ талаар АНУ “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг ашигладаг, АНУ-тай найрсаг харилцаатай улсуудын харилцаа холбооны томоохон хэд хэдэн компанийн удирдагчдад болон эрх баригчдад санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, эдгээр улсад Герман, Итали, Япон улс багтжээ. Түүнчлэн Хятадын компаниудын бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа улсуудын харилцаа холбооны салбарт олгох санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх боломжийг АНУ хэлэлцэж байгаа аж.

Хятад улс “Huawei” зэрэг өөрийн харилцаа холбооны компанийн бүтээгдэхүүний тусламжтай кибер халдлага үйлдэх юмуу электрон тагнуул хийж магадгүй гэж АНУ үзэж байгаа аж. Түүнчлэн Хятад улс тухайн компанийн тоног төхөөрөмжийг суурилуулсан газрын сүлжээнд нэвтрэх юмуу хор хохирол учруулж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид болгоомжилж байна.

“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, Америкийн цэргийн баазууд байрлаж буй газруудад “Huawei” компанийн технологийг ашиглаж буй явдалд эрх баригчид хамгийн ихээр санаа зовж байгаа аж.

Хятадын “Huawei” компани тус мэдэгдлийг няцааж, төхөөрөмжүүдэд нь Хятадын тусгай албаныханд мэдээлэл дамжуулж болзошгүй нууц програм хангамж суурилуулаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС