Монголын хөрөнгийн зах зээлд үйлчилж буй журмаар нэг компанийн хувьцааны ханшийн тухайн өдрийн өсөлтийн дээд хязгаарыг 15 хувиар тогтоон барьдаг. Энэхүү хязгаарласан өсөлт нь хөрөнгийн зах зээлийн идэвхгүй байгаагийн шалтгааны нэг болоод буй. Үндсэндээ шаардлага хангахгүй журмаар хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаа энэхүү асуудлыг "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл" гэж үзэж байна.  Уг асуудлаар түүнтэй ярилцлаа. 

Сонирхуулахад Хөрөнгийн зах зээлийг бужигнуулж буй “Ард”-ынхан Монголын хөрөнгийн биржийн арилжааны 90 хувийг дангаараа хийж байна.


-Зохицуулагч байгууллагууд яг ямар шалтгаанаар “Булган-Ундарга” ХК-ийн хувьцааны ханшийг үндэслэлгүйгээр өсгөхийг оролдсон буюу манипуляци хийсэн гэж үзэж байгаа юм бэ?


-Хамаг учир Монголын хөрөнгийн зах зээлд одоо үйлчилж буй журамд байна. Журамд нэг компанийн хувьцааны ханшийн нэг өдрийн өсөлтийн дээд хязгаарыг 15 хувиар тогтоосонд байгаа юм. Яагаад 15 хувиар л хязгаарлах ёстой гэж. Өсөлт, ашгийг хязгаарладаг ийм буруу зохицуулалт байдаг юм уу. Энэ бол маш буруу жишиг. Аль нэг компанийн хувьцааг худалдаж авсан бол өсөж, тухайн иргэн өгөөжийг нь хүртэх ёстой. 

Яагаад монгол үндэстэн өөрсдөө хожиж, баяжиж болдоггүй юм бэ, бид юм болгоны араас явах ёстой гэж үү. Дараа нь үнэтэй биткойн руу шуурч байхаар бага дээр орцгооё, түүнийг нээлттэй компаниар хийе л гэсэн санаа байсан юм. Ингээд л “Булган-Ундарга” гэдэг компанид биткойноо шилжүүлсэн. Дөнгөж 10-20-хон сая төгрөгийн үнэлгээтэй компанид 4-5 тэрбум төгрөгийн хөрөнгөө оруулсан. Ингээд “КриптоҮндэстэн” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хувьцааг нь шилжүүлэх гэтэл зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж байна гээд хаачихлаа. Бодоод үз дээ. Хүн өөрсдийнхөө хөрөнгийг хувьцаа болгоод авч байна. Үүнийг буруу зүйл гэж би үзэхгүй. Яагаад энэ талаар бидэнд мэдэгдэж, сануулалгүйгээр, шууд зөрчлийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлчихэж байгаа юм бэ, би маш их гайхсан. Энэ үйлдлийг би “Ард санхүүгийн нэгдэл”-ийн 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж харж байна.Би үүнийг зүгээр хараад сууж чадахгүй.


Анх Хөрөнгийн биржийг байгуулагдахад Монголбанкныхантайгаа хамтраад журмыг нь бичилцэж, тусгай зөвшөөрөл авч туршилтын журмаар ажиллаж байлаа. Анхны ХЗХ, БСБС-ыг ч байгуулсан. Тэр үрээр нь тэдгээр байгууллагууд тэлээд бүхэл бүтэн санхүүгийн байгууллага болж өргөжсөн. Би энэ салбарын бүхий л зовлон жаргалыг мэднэ.


-Энэ талаар зохицуулах байгууллагуудтай ярилцаж байсан уу ?

-Бид өнгөрсөн 12 дугаар сард “Булган-Ундарга” гэдэг компанид хөрөнгө оруулалт хийсэн, нээлттэйгээр зарласан шүү дээ. Тийм учраас зохицуулах байгууллагуудад, хөрөнгийн захыг удирдаж байгаа хүмүүст хандаж ашгийг хязгаарладаг энэ буруу дүрэм журмаа эргэж хараач ээ гэж нээлттэйгээр хэлмээр байна. 

Би энэ асуудлаар ярилцаж байсан, ил тодоор ч, хаалттай хөшигний цаана ч маш олон жил ярилцаж ирсэн. Бидэнд “Дүрэм журам нь ийм юм аа, танайхыг торгохоос аргагүй” гэж тайлбарладаг. Тэр журмынх нь дагуу бид 20-40 сая төгрөгөөр олон жил торгуулж ирсэн. Гэхдээ цаашид торгуулж бас хаалгуулж ч чадахгүй нь ээ. Энэ бол хүмүүс өөрсдийнхөө хөрөнгийг хувьцаа болгоод авч байгаа хэлбэр. Ямар ч хууль бус зүйл байхгүй.

Монголчууд хөрөнгийн зах зээлээс өгөөжөө хүртэх ёстой. Жижиг хувьцаа хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэдэг компаниуд зөндөө байна шүү дээ. Хувьцаа гаргадаг, тэр нь уначихдаг. Тэгээд анх гаргасан хэд нь баяжна, эргүүлээд хямдхан үнээр буцаагаад худалдаад авчихдаг буруу арга барил явж ирсэн. Компаниа албаар алдагдалтай ажиллуулдаг, санхүүгийн тайлангаараа алдагдалтай гэж харагдуулдаг. 

Үүнийг хувьцаа эзэмшигчид нь бүгд мэддэг, ярьдаг. Хууль шүүхийн байгууллага, зохицуулах байгууллагууд нь ч тэднийг яаж ч чаддаггүй ирсэн нь нууц биш. Тэгсэн хэрнээ хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө үүргээ гүйцэтгэж ашигтай ажиллаж байгаа компанийг шахаж дарамталж болдог юм уу.  

Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр 30 жилийн турш барьж ирсэн дүрэм журам бидэнд садаа болоод байна.  


-Хувьцааны өсөлтийг чөдөрлөж байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа олон шалтгааныг нэг байж болох уу?

-Шалтгааны нэг мөн байлгүй яахав. Өнөөдөр Теслагийн хувьцаа өсчихлөө, технологийн компани IPO хийлээ гээд хошуурцгаан, хувьцааг аваач гэж нэгэндээ уриалж байна. Би Монголд тэр зүйлийг чинь хийгээд байгаа юм шүү дээ.

Хувьцаа өснө гэдэг надад итгэсэн олон мянган хүний хөрөнгө өсөж, тэд  ашиг хийж байна гэсэн үг. Тэр хүмүүсийн зарим нь хувьцаагаа ашигтайгаар зараад гарсан. Хувьцааны өсөлтөөс үр ашиг хүртсэн хүмүүсийг хохироодог арга барилаа болиоч ээ гэж хэлмээр байна. 

Яахаараа бид хөлс хүчээ зарцуулж, газрынхаа баялгаасаа олсон мөнгөө доллар болгож Тесла, Амазон руу зөөх ёстой гэж. Атгасан гар шиг нэгдээд Монголын хөрөнгийн биржээ ажиллуулъя л даа, ашиг ч хүртэцгээе.

Намайг оролдоод яахав дээ, үүний оронд мэдээлэл нь хаалттай шахуу, хувьцааг нь үнэгүйдүүлж алдагдалд оруулж иргэдийг хохироодог хариуцлагагүй хүмүүс, ААН-үүдээ шалгасан нь дээр.

-Та энэ салбарт олон жил ажилласан. Бодлого гаргагчдад дайх хатуу үг бий юу?

-30 гэр бүл гэсэн яриа улс төрд өрнөдөг. Гэтэл миний ард “Ард”-ын бараг 30 мянга орчим гэр бүл бий. Би тэднийг хамгаалах ёстой. Тэд надад итгэсэн учраас хариуцлагыг нь үүрэх нь миний үүрэг. Тийм учраас энэ асуудлаар дуугарахаас өөр арга алга.

Энэ олон жил ажиллахад над дээр ганц ч хүн мөнгөө алдчихлаа, хохироочихлоо гэж нэхэмжлэл гаргаагүй, хүнийг хуурч, хулхидаж яваагүй гэдгийг минь баталгаа энэ. Үүнийг би бардам хэлнэ.Олон жил тууштайгаар салбартаа ажилласан учраас илүү туршлага хуримтлуулсан, тэр хэрээрээ юу болох болохгүйг мэднэ. Ядахдаа хааж торгохоосоо өмнө бид нараас асуучихаж байгаа ч дээ гэж хэлье. Хэдүүлээ соёлтой үзэж яагаад болохгүй гэж. 

Би ч бас соёлтой хандах ёстой. Энэ асуудлаас болоод бухимдсан.

Зохицуулагч байгууллагын ганц хоёр хүн рүү залгаж ширүүхэн үг хэлсэн минь ч үнэн. Үүндээ уучлал гуймаар байна. Тэгэх ёсгүй байсан юм. Тэвдсэн, бухимдсан, буруу зөрүү ойлгосон зүйл бий. Иймээс залгасан хүмүүсээсээ уучлал хүсье. Би биеэрээ очиж албан ёсоор уучлал хүсэх болно.


-“Ард” санхүүгийн нэгдэл өргөжиж банк болох нь гэсэн яриа гарсан. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Хэвлэх үйлдвэрийн хувьчлал явагдаж байхад том хувьчлалд хөрөнгө оруулж, эзэмшигч нь болж болдог юм байна гэсэн итгэл үнэмшил монголчуудад төрүүлж чадсан. Тэр итгэл үнэмшлээрээ ажлаа эрчимтэй эхлүүлсэн. Олон нийтэд монголчууд Ард банктай болно гэж хэлсэн.  Ард банктай болно гэдэг нь Монголын ард түмэн банкны хувьцаа эзэмшигч болно гэсэн утгаар хэлсэн үг юм шүү. Ганц үг дээр тоглолт хийгээд ард банк, байгуулчихлаа гэж мушгих нь илүүц хэрэг.

Өнөөдөр бидэнд 30 тэрбум төгрөг бэлнээрээ байна. Энэ мөнгийг банкинд оруулна. Жилийн өмнөөс хоёр ч банктай хөрөнгө оруулахаар нууц гэрээ хэлэлцээр хийгээд явж байна.

Энэ бол гэнэтхэн нэг өглөө босоод л гаргасан шийдвэр, сэтгэл хөдлөлөөрөө хэлчихсэн үг биш юм шүү.

2019 оны Ард санхүүгийн нэгдлийн тайланд ч бид банканд хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ, цаашид олон улсын бирж дээр бүртгэлтэй болохоор зэхэж байна гэж нээлттэйгээр дурдаж байсан. Тайлангаас харж болно. Үүнийг өлгөж аваад ухаалгаар хөрөнгө оруулалт хийж үр дүнд нь хэд дахин ашиг олсон хүмүүст баяр хүргэе. Бид таны мөнгийг 3,5 дахин өсгөж чадсан.

Үүн дээр зохицуулагч байгууллагаас намайг яллах биш баяр хүргэдэг ч болоосой. Яагаад гэвэл би мөсийг хагалсан. Хувьцаа эзэмшигчдэд ил тод байдал гэж чухам юу болохыг үзүүлсэн. Бидний замаар компаниуд хөрөнгийн зах зээлд хөл тавьж байна. Би Жинст Увс гэдэг компанийг аваад Хөрөнгө Оруулагч Үндэстэн компанитай урвуу нэгдэлд оруулах замаар Ард Санхүүгийн Нэгдлийг нээлттэй компани болгосон. Энэ үйл явц одоо банкууд дээр явж байгаа.


-Та түрүүхэн хэлсэн, би 30 мянган гэр бүлийн өмнө хариуцлага хүлээж байгаа хүн гэж. Гэтэл банкны хууль дээр нэг эзний өмчийг хязгаарлана гээд заачихсан байдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Надад энэ олон хүн итгэсэн байхад буруу гишгэх эрх байхгүй.

Бодоод үз л дээ. Би банканд хөрөнгө оруулна гэж жил гаруй ярьж яваа. Банкууд IPO хийх цаг нь ч боллоо. Энэ хуульд нэг эзний өмчийг хязгаарлана гээд сууж байхад би дуугүй сууж чадахгүй. Миний ард тэр олон хувьцаа эзэмшигчид бий. Намайг юу хийж байгааг мэдэх учраас би энэ талаар зарласан юм шүү. 

Ард банканд хөрөнгө оруулалт хийнэ ээ. Ард гэдэг нь компанийн нэр, банк гэдэг нь тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа ААН. Энэ чинь Ард гэдэг нэртэй банк байгуулсан гэсэн үг биш. Битгий ганц үг дээр тоглолт хий л дээ. Цөмөөрөө бусдын амжилтыг хүндэлж, хийж чадаж байгаа хүмүүсийг үнэлж сурмаар байна. Ингэж байж бидний үр хүүхэд амжилтыг тахин шүтдэг, хүний хөдөлмөрийг үнэлдэг хүн болно. 


-Магадгүй Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны өсөлт манипуляц хийлээ гэж сэрдэгдэх шалтгаан болсон юм биш биз?

-Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр Ард санхүүнийн нэгдлийн хувьцаа 3500 төгрөгөөр зарагдаж байна. Он дуусахаас өмнө 1700 орчим төгрөг болж буурсан. Намайг карантинаас харахад 1000 болсон ч түүх байгаа. Гэнэт өсчихлөө гээд биднийг хардаж сэрдээд манипуляц хийлээ гээд байх шиг байна. Тийм зүйл огтхон байхгүй. Энэ бол эндүүрэл. Би залуу насаа зарцуулж энэ үрийг тарьсан юм, одоо ургацаа хураан авч байгаа нь энэ. Надад итгээд манай хувьцааг аваад ороод ирсэн хүмүүс өнөөдөр супер ашиг хийж чадсан.


-Супер ашиг гэдэг дээр тоо баримтаар жишээ татахгүй юу?

-Өнгөрсөн оны 9 дүгээр сард нэг сая төгрөгөөр хувьцаа авсан хүн 3 сая 500 мянган төгрөгөөр зараад гарлаа. 2005 онд Хасбанкны ажилтнууд хөрөнгө оруулж байлаа. Тэр хүмүүсээс нэг сая төгрөг оруулсан хүн гэхэд л 550 сая  төгрөгийн ашиг олсон. Үүнээс ихийг авсан хүмүүсийн ашгийг супер гэхээс өөр юу гэхэв. Анх манай хувьцааг авсан хүмүүс бүгд ашиг хийгээд гарсан. Татварынхан тэр хүмүүсийн мэдээллийг нь аваад татварыг нь сайн аваарай. Энэ бол хууль ёсны үүрэг.

Хөрөнгийн зах зээл дээрээс хүмүүс баяжна, тэндээс татвар их орно, тэр татвараар дэд бүтэцдээ, хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах ёстой.

Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжааг харахад нийт арилжааны 90 хувийг Ард санхүүгийн нэгдэл эзэлж байна. 1670 байсан хувьцаа 3400 болчихлоо. Асар олон хүн тэрбумтан болсон. Энэ өсөлтийн төлөө, нэг ч гэсэн монгол хүн орлого ахиу олсны төлөө намайг зах зээлээр тоглоод байна гэж гэмт хэрэгт буруутгах ёсгүй.



-Буруутгах ямар ч шалтгаан байхгүй гэж үү?

-Манипуляци бол гэмт хэрэг. Бид нар банканд хөрөнгө оруулах гэж байгаа учраас та нарт боломж олгоё, том компаниас урьт гэж л хэлсэн. Энэ бол хөрөнгөтөн нийгэм.

Би Уоррен Баффет шиг онгирчих уу.  Сүүлийн 12 жил бид “Хэрвээ манай хувьцаа хямдхан байна гэж үзвэл бид нар хувьцаагаа буцаагаад худалдаж авна” гэдгээ зарлаж ирсэн, дандаа. Би ганц ширхэг ч Ард санхүүгийн нэгдлийн хувьцаагаа зарж үзээгүй. Манай аль ч компани хувьцаагаа зарж байгаагүй юм. Компани хоорондоо өгөө аваа байлгүй яахав. Энэ бол зах зээлийн зарчим. 

Би өөрийнхөө хөрөнгийг яахаа мэднэ. Өөрийнхөө гэдэг нь миний ард байгаа, надад итгээд мөнгөө өгчихсөн хүмүүсийн хөрөнгө юм. Тэр мөнгийг яаж өсгөх вэ гэдгээ би мэднэ.  Хэн нэгэнд биш шүү. Ганхуяг гэдэг хүнд итгэж өгсөн мөнгийг нь би хөдөлгөдөг юм. 

 Он гарсаар хувьцаа огцом өссөн. Өнгөрсөн 9 дүгээр сард 30 тэрбум төгрөг байсан компанийн үнэлгээ 100 тэрбум давчихлаа. Дотоод үнэлгээгээр 115 тэрбум болж байгаа. 700 мянган хэрэглэгчтэй, ийм тооны үйлчлүүлэгчтэй компани Монголд цөөхөн. Ганц хоёр банк, гар утасны оператор компаниуд л бий. Энэ бол бидний хувьд тэмдэглэлт үйл явдал. Битгий гайхаарай, бид хөрөнгийн зах зээлийг сэрээж амьдруулж байна. 


Бид цаашид сая хэрэглэгчтэй болохын төлөө явна. Манай энэ хамт олон тэвчээртэйгээр энэ олон  жил хүндрэл, бэрхшээл, хямралыг даван туулаад гараад ирлээ. Бид хувьцаа эрэлтийг үүсгэж чадсан.

Энэ чинь илбэ биш. Үүн дээр татвар, СЗХ, хуулийн, аудитын компаниуд ажлаа хийж байна. 


-Буцааж авахдаа дотоод үнэлгээнээс бууруулахгүй гэж ойлгосон зөв үү?

-Бид нар өөрийнхөө үнэлгээнээс доогуур зарахгүй гэдэг зарчмаасаа ухрахгүй. Манай дотоод үнэлгээ 4070 төгрөг байгаа.  Энэ тоо яаж гараад ирэв гэхээр бид компанийнхаа нийт үндсэн хөрөнгийн үнэлгээ болох 116 тэрбум төгрөгөө нийт 28 сая хувьцаандаа хуваахаар гарч ирж байгаа юм. Ямар ч нууц зүйл байхгүй.

Бид нар түрүүчийн долоо хоногт бэлэгтэйгээр 3500 койн өгч гадаадад, орон нутагт байгаа монголчууддаа боломж олгосон. 4000-аас хямдруулаад 3500 төгрөгөөр өгч байгаа юм шүү. Үүнийг зогсоохгүй ээ, хэн ч зогсоох эрх байхгүй. 

Бид яахаараа уул уурхайгаасаа л мөнгө олох гэж. Монгол хүн оюунаараа мөнгө олох цаг нь болсон. 

Ковидын үед ийм том үзүүлэлт гаргана гэдэг гайхамшиг шүү. Өнөөдөр технологийн болон эмийн компаниуд л ийм ашиг хийсэн. Би үүнийг Монголд хийж чадсан. 

Үүнийг дэмжээд өгөөч ээ. Сайд дарга нар нь Таван толгойн IPO хийе, Оюутолгойн асуудлыг шийдье гэж ярьж байна шүү дээ уг нь. Шийдэл нь бэлэн байна. Юун зах зээл дээр манипуляц хийх вэ.

 


-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэг компанийн 90 гаруй хувийг дунджаар хэдхэн хүн атгадаг, эсвэл захирлууд нь ихэнхийг нь эзэмшдэг юм билээ.  Та компанийхаа хэдэн хувийг нь эзэмшдэг вэ?

-Монголын хөрөнгийн биржийн арилжааны 90 хувийг дангаараа манай компани хийж байна. Үүн дээр атаархах хэрэггүй, бид чадаж байгаа. Би хэзээ ч хувьцаа эзэмшигчдээ нуудаггүй. Нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчид нээлттэй байх ёстой. 

Тайлангаа байнга ил тод гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурал ямар болдгийг харуулж ирсэн. Бидний амжилтад атаархаад хэл ам хийгээд яваа иргэн, байгууллагуудад хэлэхэд “Энэ бол өрсөлдөөн. Та нар ажлаа сайн хийж чадаагүй учраас бид хийсэн”  гэж хэлье. 

Хэцүү байвал ажлаа л сайн хий гэж хэлье. 

Үнэндээ захирал нь 50-иас дээш хувь эзэмшдэг компаниуд цаашаа явахгүй ээ.  Би компанийхаа тавхан хувийг нь эзэмшдэг. Түүгээрээ бахархдаг. Олны хүч оломгүй далай, цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр ч гэж үг бий. 

Хууль тогтоогч,  улс төрчдөд цахимжих аянаа эрчтэй өрнүүлэхийг хүсье. Зохицуулагч байгууллагадаа хуучныг нураахад үргэлж хэцүү байдаг, эсэргүүцэлтэй тулгардаг, бид хувийн хэвшлийг манлайлан оролцоно. Хөрөнгийн зах зээлээс ашиг хийж болно, гэхдээ тэр нь ил тод, нээлттэй байх ёстой. Энэ зарчмаараа ажиллаж ирсэн. 


-Сүүлийн асуулт. Танаас 1072 хувьцааны талаар асуухгүй өнгөрч болохгүй. Цаашид хэрхэн ёстой вэ?

-2012 оноос хойш ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа гэж ярьж ирлээ. IPO хийнэ гээд л шуугиад л таг чиг.  Түүнээс хойш хувьцааныхаа ашгийг авч чадалгүй бурхан болчихсон хүмүүс зөндөө байгаа. Тоог нь гаргая л даа. Тэр хувьцааг нь ядахдаа үр хүүхэд нь өвлүүлж өгч яагаад болохгүй гэж. 

Монголчууд шударга ёсыг, тэгш нээлттэй боломжийг хүсээд ижил гарааны нөхцөлөөс хөдөлмөөр байна гэдэг. Тэгвэл хүсээд байгаа тэгш гарааны нөхцөлийг зөвхөн Засгийн газар, төрөөс хүсэх биш хувийн хэвшил нь бас дэмжиж ажиллах ёстой. Хөрөнгийн зах зээл монголчуудад өгөөжөө заавал өгөх ёстой.