ТОКИО. /NHK/. Японы сансар судлалын “Hayabusa-2” тандалтын төхөөрөмж “Рюгү” бага гараг дээр үүсгэсэн хиймэл тогооныхоо зургийг пүрэв гарагт авахаар төлөвлөж байна.


Бага гараг дээр хиймэл тогоо үүсгэх туршилтыг дөрөвдүгээр сарын 5-нд хийсэн юм. Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ мэргэжилтнүүдийн мэдээлснээр, уг туршилт амжилттай болсон аж. Одоо тэд бага гарагийн гадаргуу хэрхэн өөрчлөгдсөнийг судлах ажээ. 

Туршилтын үеэр ямар нэг хэлтэрхийд өртөн эвдрэхээс сэргийлэх зорилгоор “Hayabusa-2” бага гарагийн нөгөө талд очсон бөгөөд 14 хоногийн дараа уг гарагаас 20 мянга орчим метр зайд эргэн иржээ. 

Сансар судлалын агентлагийн мэргэжилтнүүд “Hayabusa-2” төхөөрөмжийн удахгүй илгээх гэрэл зургийг өмнөх зургуудтай харьцуулж, “Рюгү” бага гарагийн гадаргуугийн онцлог болон дотоод хэсгийн чулуулгуудыг судална.


Энэхүү төхөөрөмжийг 2014 оны сүүлчээр дэлхийгээс 340 сая километр орчим зайд оршдог "Рюгү" бага гараг руу илгээж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард уг бага гараг дээр амжилттай газардсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг