Гадаад харилцааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх /2018.04.01/-ны өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд мөн мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны консулын газрын захирал Я.Ариунболд “АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 виз нь хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл юм. Н-2 визний зөвшөөрөл Монгол Улсад олгогдоод хоёр сар гаруй хугацаа боллоо. 

Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд иргэд яаж оролцох вэ гэдэг дээр Гадаад харилцааны яам иргэддээ мэдээлэл өгөх зорилго тавьж ажиллаж байна. Консулын газар вэб хуудастаа хөдөлмөрлөх виз гэдэг тусгай цэс гаргаад энэ дотроо АНУ-ын визтэй холбоотой мэдээллүүдийг оруулсан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомжоор бол Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол Улсын иргэдийг бүртгэж, хөтөлбөрт хамруулах ёстой. Гэвч одоогоор тусгай эрх авсан, АНУ-ын ажил олгогчтой гэрээ байгуулсан компани байхгүй байна.

Компани бий болохоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээллээ вэб хуудастаа тавих байх.  Гадаад харилцааны яамны Консулын газар вэб хуудсан дээрээ мэдээллийг мөн тавина.

Эдгээр компани нь ажиллах хүч авах албан ёсны зөвшөөрөлтэй шүү гэдгийг хэлж өгнө. Мөн компаниуд нь зөвшөөрөлтэй байсан ч гэсэн явуулж байгаа үйл ажиллагааг нь хянаад өөрсдийнхөө мэдүүлэг зөвшөөрөл үнэн зөв байна уу гэдгийг мэдэх боломжийг бүрдүүлж өгнө” гэсэн юм.