УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент өнөөдөр Анхдугаар чуулганаа хуралдууллаа. 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатарыг дахин УИХ-ын даргаар сонгов.

Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох саналыг МАН-ын бүлгээс дэвшүүлснээр гар өргөж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо.

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар нь 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж буй юм.