УИХ-ын дарга Г.Занданшатар саарал жагсаалт болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид Солонгосын авиа компанийн онгоцны үйлчлэгийн биед хүрч, бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр БНСУ-д баривчлагдаад суллагдсан Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын асуудлаар тодруулга авсан юм. 

Тэрбээр:

“Цахим  орчинд энэ тухай мэдээлэл гарсан. Тухайн хүн ирээд албан ёсны мэдээлэл хийх байх.  Хэрэв үнэхээр Үндсэн хуулийн цэцийн дарга ийм үйлдэл гаргасан бол төрийн албаны ёс зүй, сахилгын дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мэдээж ганц талын мэдээллээр шийдэх асуудал биш. Дэлхий даяар хуурамч мэдээ ихээхэн гардаг болсон. Тиймээс асуудалд ул суурьтай хандах ёстой. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтсан хамгийн том өөрчлөлтийн нэг бол төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын асуудал байгаа. Орчин үед ёс зүйг хуульчилдаг болсон. Тийм ч учраас Япон, Солонгосын парламентийн гишүүд ёс зүйгүй үйлдлээ хамгаалж чадахгүй бол ажлаа өгдөг” гэв.