УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ "С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийтийн төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлсэн. Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл уг асуудлаар шийдвэр гарган УИХ-д ирүүлсэн. Сая Швейцар улсад хийсэн айлчлалын үеэр Олон улсын парламентын холбооны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндсөн. 

Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсан. Үүнийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлаас гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ асуудлаар Түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

УИХ-ын Түр хороо байгуулах төслөө чуулганаар хэлэлцэн баталж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллаж, ажлынхаа тайланг удахгүй болох Олон улсын парламентын холбооны ассамблийн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэдгийг онцлон хэллээ.