УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар уржигдраас Оюу толгойн гэрээний асуудлаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандаж үг хэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхэм гишүүн С.Ганбаатарыг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг урьж байна. УИХ-ын гишүүд ард түмний илч төлөөлөгчийн хувьд нийт иргэн, улсын эрх ашгийг тэргүүнд тавьж, Үндсэн хуулийг дээдлэн  сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрд үнэнчээр зүтгэхээ тангарагласан. УИХ-ын гишүүн УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах санал, нэхэмжлэл гаргаж болно. Энэ танхимдаа ирж асуудлыг шийдэх ёстой. Ийм бүрэн эрх нь байхад иргэдэд буруу ойлголт өгч өлсгөлөн зарлаж, өөрийнхөө эрүүл мэндийг ч эрсдэлд оруулж болохгүй. 

Тиймээс УИХ-ын чуулганы ажиллагаанд оролцож, хууль, төслөө гишүүдтэй ярилцаж, үнэхээр нэхэмжлэлийн шаардлагууд байгаа бол хэлэлцээд шийдвэрлэж болно. Ийм учраас УИХ үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн бүх УИХ, Засгийн газруудаас өмнөх УИХ, Засгийн газар Оюу толгойн гэрээнд хамгийн нухацтай хандаж, шаардлага тавьж ажилласныг би баттай хэлж байна. Шахаж, шаардаад баасан гарагт хэлэлцүүлэг явуулж болно гэдгийг ч хэлсэн. Асуудлыг улстөржүүлж болохгүй. Чуулганы танхимдаа ярих , хяналт шалгалтын ажлыг хэсэг байгуулж ажиллах зэрэг бүх боломж байдаг" хэмээлээ.

Үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлж, Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.