Коронавирусийн цар тахлын улмаас нийслэлд тогтоосон хатуу хөл хориог өнөөдрөөс сулрууллаа. Улмаар гамшгаас хамгаалах зэргийн "Шар" түвшинд шилжиж, нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг иргэд, ААН-үүдэд анхааруулж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар "Өглөөний мэндийг айлтгая. Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд хөл хорионы дэглэмээ мөрдөж, аюулт цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж буй ард иргэддээ талархаж байна. 

Өнөөдрөөс бид хатуу хөл хориог сулруулж, ажил албаа хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Гэвч энэхүү нөхцөл байдал бол халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, урьд урьдынхаасаа илүү хариуцлагатай байхыг шаардаж байна. 

Цар тахлын аюулаас өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалахад хатуу хөл хорио биш харин таны ухамсар, сэтгэхүй, сахилга бат, хариуцлагад төр засаг тань итгэж байна. 

Бидний хэнэггүй, цалгар наазгай байдал цар тахлын хүрээг хэрхэн тэлснийг харуулсан. Бид алдаанаасаа сургамж авч, ажиллаж амьдрах шинэ нөхцөл байдалд ирлээ. 

Улам хичээцгээе" хэмээн өнөө өглөө цахим хуудсаараа уриаллаа.