УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Дараа нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Тусгай хороо байгуулах асуудлыг өнөөдрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал дэвшүүллээ.

Тус горимын саналыг дэмжиж буй эсэхээр УИХ-ын гишүүдийн саналыг хураах гэсэн боловч хурууны хээгээр санал өгдөг төхөөрөмж нь алдаа заажээ. УИХ-ын гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр нь бүртгэдэг төхөөрөмжийг УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаас хэрэглэж эхлээд буй юм. Төхөөрөмж ажиллахгүй байснаас гишүүдийн санал хураалт нэг орчим хугацаанд гацав.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ одоо ямар учиртай юм авсан юм бэ. Уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын дарга Цолмон энэ асуудаас болж огцорвол таарна. Ажлаас чөлөөлнө" хэмээлээ.

Ц.Цолмон нь УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга юм.

Харин УИХ-ын Тамгын газраас "Төхөөрөмжид техникийн ямар ч алдаа байхгүй. Бүгдийг нь шалгаж үзсэн. УИХ-ын гишүүд хурууны хээгээ буруу уншуулж байна" гэсэн хариулт өгөв.

Чуулганы хуралдаан үргэлжилж дээрх томъёоллын санал хураалтыг гишүүд гар өргөж хураалаа. Ингэснээр гишүүдийн олонх нь Тусгай хороо байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхийг дэмжив.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.