Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.07)Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн,Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков, Бахрейн Улсын Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа. 

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ОУПХ-ноос Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалахад онцгой анхаарч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, тус холбооноос тавьсан хүсэлтийн дагуу иргэн  талаар танилцууллаа.

Мөн ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар Монголын шүүхээс гарсан шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулснаа онцлон тэмдэглэсэн юм.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ныАзи, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг маш амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Мөн тэрбээр, томилолтынхоо хугацаанд хэрхэн ажиллах талаараа танилцуулаад, Түр хороо идэвхтэй ажиллаж байгааг онцлов.

Төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Түр хорооны гишүүдтэй уулзаж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн талаараа дурдаад, парламентын зүгээс нээлттэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.