Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэсэн" хэмээн мэдэгдсэн.

Уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй ярилцаж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "ҮАБЗ-ийн энэ шийдвэр бол сонгууль, улс төрийн зорилгогүй. Нийгэм, эдийн засгийн шийдлийг гол болгож, гаргасан шийдвэр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амь оруулж байгаа шийдвэр юм. Зээлийн хүү нь өндөр тул 1-2 жилээр зээл авсан ахмадууд орлогогүй болсон байна.

АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11,9 их наяд төгрөгийн хохирол учруулжээ. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум төгрөг буюу 13 дахин бага мөнгө байна. Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа төр, түмэн аль аль нь ач санах л учиртай. 2020 оны 2 дугаар сараас тэтгэврийн зээлтэй 233.000 ахмад тэтгэврээ авч эхэлнэ" хэмээн сэтгүүлчидтэй ярилцсан нэвтрүүлгийг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

УИХ-ын даргын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Ярилцлагын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр таслан тэглэх тухай танилцуулсан. Улмаар уг асуудлаар ихээхэн маргаан, мэтгэлцээн өрнөж байна. Тиймээс би гаргалгаа, шийдлийг танилцуулъя. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар олон сарын турш судалгаа хийж, эрдэмтэн судлаачид, эдийн засагчидтай үндэслэл үр дагаврыг нь сайтар тооцоолж байж энэ шийдвэрийг гаргасан" гэдгийг онцлон хэллээ.