“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлосон.  

Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмчийн магадлагааны хамт ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Булгамаагаас “Миний бие Монголын олон улсын арбитрт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр товлон зарлагдсан арбитрын маргаанд арбитрчаар оролцох тул Г.Загдаа, Г.Амаржаргал нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт тус тус ирүүлжээ.

Иймд дээрх хүсэлтүүдийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Улмаар шүүх хуралдааныг өнөөдөр товлосон ч хойшлогдлоо.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар