Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа буюу 2019 онд байгууллагынхаа 10.700.000 мянган төгрөгөөр Гётё сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарсан.

Уг мэдээлэлд сайд Г.Ёндон өнөөдөр тайлбар өглөө. Тэрээр урамшуулал авсан нь үнэн. Гэхдээ байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтын дагуу компани ашигтай ажилласан тул тухайн урамшууллыг надад олгосон. Энэ мэдээллийг одоо гаргаж ирж буй болохоос 2019 оноос хойш шилэн дансанд нээлттэй байсан гэв.

Тодруулбал сайд Г.Ёндон "Монголросцеветмент ТӨҮГ нь улсын төсөв, татвартай ямар ч хамаагүй бөгөөд ашгийн төлөө ажилладаг байгууллага. Компанийн гүйцэтгэх удирдлагууд, менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалтуудтай журам Монголросцеветмент компанид 2000 оны эхэн үеэс хэрэгжиж буй. Журмын дагуу компани ашиггүй ажиллах, зорилтот түвшиндээ хүрээгүй тохиолдолд дээрх урамшуулал, хөнгөлөлтийг олгодоггүй. 2012 оноос хойш 5 жилийн хугацаанд ашиггүй ажилласан учир дээрх урамшууллыг олгоогүй. 

Би 2018 оны 4 дүгээр сарын 25-нд томилогдсон. Би тус компанийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлдэг гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр одоо гараад байгаа баримт мэдээлэл 2019 онд ил тод тавигдчихсан байсан. Миний хашиж буй албан тушаалтай холбоотойгоор өнөөдөр сөхөж гаргаж ирсэн байх. Түүнээс биш нээлттэй байсан мэдээлэл. 

Энэ мэдээллийг олоод гаргаж буйд нэг талаасаа зөв гэж бодож байна. Төрийн өмчийн компанийн удирдлага, менежментийн авч буй цалин, урамшуулал нээлттэй байх ёстой. Өндөр цалин урамшуулал өгснөөрөө төрийн өмчийн удирдлагаас зөрүүлээд компанийг ашигтай ажиллуулах, компанийн менежмент, засаглалыг зөв тийш явуулах, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмүү байлгах талаас авч буй арга хэмжээ гэж үздэг. 

Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтын дагуу энэ урамшууллыг авсан. Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ мэдээллийг нуугаагүй. Шилэн дансны мэдээлэлд нээлттэй байсан. Монголросцеветмент компани 2019 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан" хэмээлээ.