Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд энэ талаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулга хийлээ.

Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. 

Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй.

Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн. Иймд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.5-д “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан” хэмээн салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан. Олон улсын судалгаанаас үзвэл мөнгөний үнийн таамаглал өөдрөг байгаа бөгөөд 2030 он хүртэл мөнгөний хэрэглээ өсөх хандлагатай байна.

Тус ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 1995 онд “Апекс Сильвер” компани, 1998 онд “Сибгипрозолото” компани тус тус хийжээ. “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийж, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, 

  • 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, 
  • 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх, 
  • 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх, 2
  • 024 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорилт тавьжээ. 

Уурхайн амуудыг нээж, технологийн дээж авах, малталтуудыг сэргээх туршилтын ажлуудыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж хийж байгаа. Ордыг хэрхэн ашиглах талаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийгдэж байгаа аж.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай тооцоо, үнийн таамаглалыг хэр бодитой хийж, стратегийн ордыг ашиглахад төрийн оролцоог хэрхэн тооцсон талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар тодрууллаа. 

Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглалаар нэг кг мөнгө 700 орчим ам.доллартай тэнцэж байна. Ордыг ашиглах нөхцөлийн тухайд үр ашиг өндөр байх боломжит бүх хувилбарыг хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж, тохиролцох шаардлагатай гэдгийг Г.Ёндон сайд хариулав.

Асгатын мөнгөний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Урьдчилсан тооцооллоор хөрөнгө оруулалт 127.3 сая ам.доллар, 500 ажлын байрыг бий болгоно, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам. доллар гэж төсөөлж байна. Тал талаас нь судалж байна гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал Г.Ганболд хэллээ.

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувийн саналаар дэмжлээ.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан Х.Бадехан, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтлоо.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс