Гүүгл компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаачлан тус байгууллага ажилчдаа хамгийн ойр гэхэд 2021 оны 6 дугаар сар хүртэл гэрээс нь ажилуулахаар шийдвэрлэжээ.

Өмнө мэдээлж байхдаа ч цөөн хэдэн ажилчид нь л оффистоо эргэн ирэх бол олонх нь энэ оныг дуустал алсаас ажиллах болно гэж байсан юм.

Гэвч зайнаас ажиллах тухай шийдвэрээ ирэх он хүртэл сунгаж байгаа нь технологийн хамгийн том компаниудын нэг болох Гүүгл урт хугацааны цар тахалд эртнээс бэлдэж байгааг харуулж байна. Энэ нь бусад байгууллагыг ч энэ жишгээр ажиллахад уриалж буй юм.

Гүүгл компанийн захирал Сундар Пичай "Дэлхий даяар 42 оффисоо эргүүлэн нээсэн. Гэхдээ бид заавал оффист суух шаардлагагүй учир ажилчидаа гэрээсээ ажиллуулах журмыг 2021 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Энэ шийдвэр та бүгдийг ирэх 12 сарын турш ажил болоод өөртөө цагийг тэгш хуваарилан зарцуулж, гэр бүл, дотны хүмүүсээ халамжлахад хэрэг болно гэж би найдаж байна" хэмээжээ.

Коронавирусийн улмаас технологийн салбар нь гэрээсээ ажиллах зөвлөмжийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Фэйсбүүк, Твиттер зэрэг компаниуд ажилчидаа тодорхойгүй хугацаагаар гэрээс нь ажиллуулж байгаа юм.


Эх сурвалж: CNN