Гурван том хүн, 2 хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

Тодруулбал, СХД-ийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 04 цаг 36 минутанд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтсийн 101, 105 тусгай дугаарын утсанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ийн ГТУА-26-р ангийн ээлжийн тасаг хүрэлцэн очиход нэр нь тодорхойгүй иргэний 5 ханатай гэр, үүдний амбаар галд өртсөн байсан. Тухайн галд нас, хүйс нь тодорхойгүй 3 иргэн, бага насны 2 хүүхэд өртөж амиа алджээ. Гал түймрийг бүрэн унтрааж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Иймд ард иргэдэдээ сэрэмжлүүлэхэд хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж:

-Хог, хаягдлыг тусгай  зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж  тогтмол ачиж тээвэрлүүлэх 

-Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох 

-Хог хаягдал, өвс, шарилжийг  устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх 

-Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх 

-Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

-Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.