УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцсэн. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэйбайгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.  Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэд Одонтой ээжүүдэд олгох мөнгийг хасах гэж байна хэмээн хүлээж аван, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

Энэ талаар яг одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тайлбар мэдээлэл өгч байна. Тэрээр "Би өчигдөр Одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэж нэг ч үг хэлээгүй. Харин ч мөнгийг нэмнэ гэж хэлсэн. Олон улсад хүүхэд нь 18 юмуу 16 нас хүрэхээр ээжид олгох тэтгэмжийг зогсоодог жишиг байна гэдгийг хэлсэн. Яг зогсооно гэж хэлээгүй" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлгээр бүрэн эхээр нь хүргэж байна.