Швейцарь Улсад болсон буудлагын армийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 25 метрийн хурдан буудлагын багийн төрөлд хүрэл медаль, 25 метрийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн билээ. Харамсалтай нь тэрбээр уг медалиа хураалгахаар болжээ. Учир нь тэрбээр хүзүүндээ лент нааж оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн үйлдэл болсон байна. 

Энэ дүрмийг Олон улсын буудлагын холбоо нэлээн хэдэн жилийн өмнөөс мөрдөж байгаа ажээ. Үүнээс гадна буудах үед баруун гартаа бөгж цаг зүүлт зүүхийг хорьдог дүрэмтэй. Тэр байтугай зарим тохиолдолд биеийг нь нарийвчилж ямар нэгэн зүйлтэй эсэхийг нь шалгадаг байна. 

Энэ шалтгаанаар  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа медалиа хураалгахаас өөр аргагүй байдалд орсон ажээ.