Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр орой нийслэлийн Онцгой комиссын гишүүдийг өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Нийслэлийн Онцгой комиссын илтгэл мэдээллийг сонслоо.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Коронавирусээс сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, маск амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. 

Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа. 

Мөн Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас  албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хотруу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хот руу ирж байгаа зорчигчдод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. 

Нийслэлд Монголын хүн амийн талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой юм. 

Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлнэ. 

Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. 

Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулна тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. 

Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. 

Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүхий байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээлээ.