Г.Цас зураач, дизайнер, урлаг судлаач мэргэжилтэй. Мөн “MUSE art house” ХХК-ийн үүсгэн байгуулагч, МУЭ-ийн холбооны гишүүн, Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооны үүсгэн байгуулагч нарын нэг юм. Түүнтэй ярилцлаа.

 

-Цас тун нууцлаг. Миний мэдэхээр хэд хэдэн олон улсын шагнал авсан ч түүнийгээ олон нийтэд мэдэгдээгүй өнгөрсөн байх аа?

-Магадгүй миний хувийн онцлог байх. Tелевиз болон сэтгүүлийн ярилцлага өгөх дуртай хүн биш. Харин одоо манай art school бусдад хэлж ярих түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Шагналын хувьд Азийн 27 улс орон оролцдог Олон улсын загварын наадмаас Aзийн топ дизайнер, Солонгос Хятадын загварын наадмаас, Монголд зохион байгуулдаг загварын наадмаас Топ дизайнер гээд олон шагнал авсан. Үнэндээ тухайн үед хэлээд байх шаардлага ч цаг зав гараагүй.

Ажлын ширээ

-Ажил бизнесээ эхлүүлж байхдаа амжилтанд хүрнэ гэдгээ харчихсан байв уу эсвэл?

-Ажлаа эхлүүлэхдээ тавьсан зорилт, зорилгууд байлгүй яахав. Юун түрүүн өмнөө байгаа ажлаа сайн чанартай хийе гэж зорьсон. Art school маань 2010 онд байгуулагдсан бол одоо 2 ч салбартай болчихлоо. Анх хэдхэн хүүхэдтэйгээр эхэлж байлаа. Одоогоор 600 гаруй  хүүхдийг төгсгөөд байна. Энэ хооронд төгөлдөр хуурын 12, уран зураг, керамик урлалийн 11 дэх удаагийн уран бүтээлийн тайлан тоглолт, үзэсгэлэнгүүдийг мэргэжлийн тайз болон галерейд зохион байгуулсан.

Брэндийн хувьд 2010  оноос захиалга авч салон хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оноос албан ёсоор  “Muse art house’’ хувцасны брэнд болгож стандарт үүсгэн ажиллаж байна. Өөрийн гэсэн брэндээ үүсгэснээс хойш хэд хэдэн бие даасан шоу болон коллекциуд гаргалаа.

-“Muse” брэндээ товчхон тодорхойлвол...

-Muse бол урлагийн охин тэнгэр. Монголоор цагаан ногоон дарь эх, урлагийн Янжинлхам бурхан гэдэг утгаар нь билэгшээдэг. Эгэл хэрнээ өөрийн гэсэн донжийг илэрхийлэхийг хүсдэг. Би уламжлалт загварын үндсийг орчин үеийн сонгодог хэв маягтай хослуулсан дизайн гаргадаг.

-Монголд брэндийг утгаар нь ойлгож ойлгуулж байгаа нь ховор санагддаг?

-Миний хувьд брэнд гэдэг өргөн хүрээний том ойлголт. Бид тэр зүг рүү чиглэх гэж оролдож олон улсын стандарт руу тэмүүлэхийг хичээж байна. Яах аргагүй өргөн цар хүрээтэй, багийн ажил л даа. Брэнд гэдэг метрийн даавуу аваад шууд л эсгэж оёод фэйсбүүк дээрээ тавиад худалдаанд гаргадаг зүйл биш

Тухайн материалын шинж чанарыг химид өгч, угаалга индүүдлэгэд оруулж шалгахаас эхлүүлээд олон улсын код, сав баглаа боодол, зориулалтын шошго авах, цаашлаад оёдлын стандарт хэм хэмжээ гээд маш их шат дамжлага ажиллагаатай. Үүн дээр тухайн брэндийн бие даасан дэлгүүр, мэргэжлийн технологич, эсгүүрчин, нарийн мэргэжлийн оёдолчид болон түгээх талаасаа маркетингийн баг, стилист make up, үсчин стилист, зурагчин модел гээд хамтын хүч хөдөлмөрөөр бүтдэг.

-Миний анзаарснаар даяарших тусам тухайн улс орны загварын хандлага нь уламжлал тал руугаа хөгжүүлээд байх шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол?

-Бид монгол хүмүүс. Хэдийгээр дэлхий даяаршиж байгаа ч өв уламжлалаа хэзээ ч хаяж гээхгүйгээр зөв зүйтэй түгээх ёстой. Үндэсний хувцас болон өнгө деталиуд нь бүгд үндсэн билгэдэлтэй. Үүнийг мэдэхгүйгээр маш их эвдэж саармагжуулж байгаа нь анзаарагддаг. Тэр бүх билэгдлийг ёс зүйгээр нь номжуулах талаас нь мэргэжлийн хүмүүс анхаараасай гэж хүсдэг.

-Үйлдвэрлэлийн ажилдаа хэр оролцдог вэ?

-Оролцолгүй яахав. Ганц загвараа гаргаад суучихвал манай имиж гарч чадахгүй. 

-Урлагийн гэр бүлээс гаралтай гэж сонссон?

-Aaв ээж минь архитектор хүмүүс. Барилгын салбарт олон жил ажилласан улс. Бидний үзэл бодлыг хүндэтгэн сонсч сэтгэлгээг нь баригдмал биш чөлөөтэй болгож өсгөсөн. Бага нас минь тэр чигээрээ бүтээлч амьдралын дунд өнгөрсөн. Гэхдээ би хувцас загварын трэнд хөөдөггүй. Тийм байхыг ч хичээдэггүй. Үйлчлүүлэгч болон хувь хүний балансыг тэнцвэржүүлж ерөнхийд нь өөрийнх нь гол цөмийг харуулахыг хүсдэг.

-Дизайн гэлтгүй бүгд л дэлхийд гарахыг хүсч эрмэлзэж байна. Таны төлөвлөгөө?

-Тодорхой хэмжээгээр төлөвлөсөн зүйл бий. Энэ салбарыг хүн бүхэнд түгээнэ, цөөнх болон массынх болгоно, цаашлаад дэлхийд танигдана гэж айхтар улайрдаггүй. Монголдоо тодорхой чиглэлд түгээх ажлаа хийж явна. Миний бүтээлүүдийг цорын ганц, охин тэнгэрүүд хэрэглэдэг.

-Ямар материал сонирхлыг чинь татдаг вэ?

-Энгийн болон торгомсог бас ганган материалд дуртай.

Загварын шоуны дараа


-Нэг шоуны ард хэр их хугацааг зардаг вэ, багагүй үнэ өртөгөөр бүтдэг болов уу?

-Санаанууд бол толгойд эргэлдэж байдаг. Бэлэн бүтээл үүсэхэд бага хамт олныхоо хүчинд сар юм уу сар хагасыг зарцуулдаг. Монголд шоу хийх амаргүй. Зах зээл  нь хязгаарлагдмал, хүн амын тоо хэрэглээ гэх мэт хүчин зүйлсээс хамаардаг. Нэг шоуны үнэлгээ их багаасаа шалтгаалж янз бүр байдаг. Фэшион шоунд дунджаар 120 сая төгрөг зарцуулдаг.

-Ингэхэд яагаад заавал урлагийн сургууль ажиллуулахаар шийдсэн юм бэ?

-Хүүхэд бүхэн, хүн бүр дэлхийн хүн байгаасай гэж хүсдэг. Би Европын Урлагийн академи, Карлийн их сургууль болон ДУДС-д Репин, Сюрков, Берлины урлагийн академи төгссөн олон мундаг багш нараар хичээл заалгаснаараа би азтай. 

Тэднээс сурсан зүйлүүдээ бусдад түгээхийг хүссэн. Энэ бол миний ажил, нийгэмд үйлчлэх өчүүхэн болтугай тус нэмэр. Хүн дэлхийн хаана ч олон улсын хэлээр харилцдаг шиг хөгжмийн хэлээр харилцаaсай гэж хүсдэг. Уран зураг бол бүх дизайн чиглэлийн мэргэжлүүдийн үр үндэс нь. Дүрс судлал, өнгө судлал, зохиомжийн үндэс, орон зай, хүний биеийн анатомигүй ямар ч урлагийн дизайн чиглэлийн мэргэжлийн хүн хол явахгүй. Бизнесийн салбарт ч гэсэн гоо зүйн мэдрэмж чухал.

-Дизайнер хүн хувцасыг юу гэж хардаг бол?

-Би хувцасыг соёлын нэг хэлбэр гэж үздэг.

Арт сургуулийн үзэсгэлэнгийн үеэр

-Өөрийнхөө хувцаслалтыг юу гэж тодорхойлох вэ?

-Дизайнер гэхээр гял цал ганган эсвэл этгээд хувцасладаг гэж ойлгодог байх. Би минимал энгийн талдаа хувцаслах дуртай. Харин бугуйн цаганд дуртай шүү.

-Өөрийгөө азжаргалтай хүн гэж боддог уу?

-Би азжаргалтай хүн. Яагаад гэвэл дуртай ажлаа хийж байна. Би хүмүүст азжаргал бүтээж өгдөг, түүнээсээ кайфыг мэдэрч байна. Надад үүнээс өөр илүү дутуу зүйл хэрэггүй.

-Ямар ч завгүй байсан өдөртөө заавал хийдэг зүйл тань?

-Өдөр тутмын ажил хичнээн их байлаа ч өдрийн тэмдэглэлийнхээ төлөвлөгөөний хэсгийг заавал хардаг.

-Дизайн бол таны илэрхийлэл. Харин таныг ямар өнгө илэрхийлэх бол?

-Улаан болон цагаан өнгөнд би татагддаг.

-Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

-Би урьд насанд итгэдэггүй. Гэхдээ 3 бас 6 дугаар ангид байхдаа европын 15 дугаар зууны үеийг байнга зүүдэлдэг байсан. Бараг бүтэн хэмжээний түүхэн кино шиг. Сэрээд гайхдаг байлаа.

-Эмэгтэй хүн болгоны дотор бяцхан охин бий. Таны доторх тэр охиныг ямар хүн бол?

-Миний дотор сайхан рүү тэмүүлэгч охин бийд гэдэгт итгэдэг. Би уужуу бодолтой, аливаад үнэ цэнэтэй ханддаг хүмүүсийн дунд байх дуртай.

-Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

-Би үүнд итгэдэг. Бодож санаж явсан миний мөрөөдөл бүхнээ дэвтэр дээрээ бичдэг. Эхлээд юу хүсч байна вэ гэдгээ тодорхойлчихоод зорилгоо бичээд төлөвлөгөөндөө оруулж дотор нь ангилчихдаг.

-Зураачид урландаа суугаад уран бүтээлээ хийхийг жаргал гэж үздэг. Харин таны хувьд?

-Урландаа тосон будгийн үнэрэн дунд пянзны аянд болон дуртай аязаа тавиад бүтээлээ туурьвих мөч сайхан. Тэр олон өнгүүдэд миний азжаргалтай эсвэл гунигтай үе багтдаг.

-Урлагийг юу гэж тодорхойлох вэ?

-Урлаг бол сэтгэл ханалт.

-Хүн бүр энэ амьдралд бурхнаас оноогдсон ямар нэгэн үүрэг томилолтоор ирдэг гэж боддог. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Зураач бүхэн оюун санааны нислэг хийдэг. Би энэ орчлонд сайхан бүхнийг түгээх гэж ирсэн. Ажлынхан маань, мэргэжил нэгт нөхөд минь бүгд зөв, гэрэл гэгээтэй сайхан бүхэн рүү тэмүүлэгчид.

-Төвлөрлийг яаж бий болгодог вэ. Ганцаараа байхыг илүүд үздэг үү эсвэл?

-Би өөртэйгээ ярилцаж зориуд цаг гаргах дуртай. Ганцаараа байхдаа аль болох их гаргахыг хичээдэг. Ажлын шаардлагаар олон тийш явах, анхаарах хэрэг гарах нь олон. Харин үймсэн олны дунд ороод, телевизээр ярих хэцүү санагддаг. Энэ үед би “Би биш” юм шиг санагддаг. Тимээс ч олон цугласан газраас аль болох зугатаадаг, харин энэ удаа ганц хүнтэй ярилцахад амар байна.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан урлангаа шинэ байр руугаа нүүлгэж байна. Энэ удаa ажилчдынхаа тав тух, интерьерын ажилд биечлэн анхаарч байна. Би жижиг детальд хүртэл оролцох дуртай, тэгэхгүй бол санаа амардаггүй. Жишээ нь тусгаарлаж байгаа шилэн хана орон зайн талаасаа хүмүүст минимал хэрнээ орон зайн хувьд маш зөв харагдахыг архитектур интерьерийн талаас нь мэргэжлийн хүмүүсийн ажилд жаахан хошуу нэмж байна./инээв/

Загварын шоуны дараа моделуудтайгаа

Muse Art House