АФИН. /DW/. Грекийн Шинэ ардчилал намын дарга Кирикос Мицотакис Ерөнхий сайдын тангарагаа даваа гарагт өргөжээ.


Өнгөрсөн ням гарагт явуулсан парламентын сонгуулиар К.Мицотакисын Шинэ ардчилал нам 39.8 хувийн санал авж, парламентын 300 суудлаас 158-ыг эзэлсэн бол хэт зүүний үзэл баримтлагч Сириза эвсэл 31.5 хувийн санал авсан юм.


“Улс орноо өөрчлөх эрхийг Грекийн ард түмэн бидэнд олголоо. Энэхүү үйл хэргийг бүтээх болсноороо бахархаж байна” гэж К.Мицотакис тангараг өргөснийхөө дараа хэлсэн байна.


Банкираар ажиллаж байсан К.Мицотакис олон ажлын байр бий болгож, бизнесийн үйл ажиллагаанд тулгарах саад тотгоруудыг багасгана хэмээн мэдэгджээ.


Өдгөө 51 настай К.Мицотакис нь Харвардын их сургуулийг дүүргэсэн бөгөөд Ерөнхий сайд асан Константин Мицотакисын хүү ажээ. Түүний эгч Дора Бакояннис Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан бөгөөд Афин хотын анхны эмэгтэй дарга болж байв.


Шинэ ардчилсан нам хоёр сонгууль дараалан ялагдал хүлээсний дараа К.Мицотакис тус намын даргын албыг 2016 оноос хойш хашиж байгаа ажээ. Мөн тэрбээр Захиргааны шинэчлэлийн сайдаар 2013-2015 онд ажиллаж байжээ.


К.Мицотакист тулгарах сорилтууд

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ Грекчүүдэд тулгамдаад буй бэрхшээлүүдийг хөнгөвчилнө хэмээн амласан К.Мицотакис одоо татварыг бууруулах, санхүүгийн зорилтуудыг дахин авч үзэх, олон улсын зээлдэгчдийг сэтгэл хангалуун байлгах зэрэг сорилттой тулгарч байна.


Өнгөрсөн онд Грекийн гадаад өр 376 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 180 хувьд хүрсэн байна. Өрийн хэмжээ энэ онд ДНБ-ий 168 хувь хүрч буурах төлөвтэй байгаа хэдий ч энэ нь Сириза эвслийн удирдлагын үеийн тооцоо ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг