Говийн домог гэдэг үхрийн бөөр шиг үлгэрийн киног үзэв. Эндүүрэл хааны туужид “Гөрөө хийж явсан Эндүүрэл хаан чандага алаад энэ цас шиг цагаан царайтай, энэ цус шиг улаан хацартай гоо хатан авахсан” гэснээс хамаг хэрэг үүсдэг бол говийн домогт хээлтэй шаргачин алснаас үүсэж байна. Энэ нь эцэстээ жирэмсэн хүүхнийг алж, гэдсийг нь яран хүүхэд авахын зөн. Уг киноны ерөнхий тавил нь Д.Равжаа хутагтын “Саран хөхөөний намтар” жүжиг байгаа бол дүрүүд, үйл явдлын ерөнхий сюжет нь Ж.Бунтарын “Эх бүрдийн домог” кино. “Саран хөхөөний намтар” жүжгийн Лагана түшмэлийн нэр Юмла болж.

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг түшмэлийн нэрийг Эгэлэр хаан болгоод, С.Эрдэнийн “Нарангарвуу” өгүүллэгийн Тэнгэр уулын догшин хар буюу Беркеханы загвараар урласан нь сонирхолтой. Эгээрэл гүнжийн монолог нь “Гилгүдэй баатрын шүлэг”, “Мандухай сэцэн хатны домог” зэргээс үүдэлтэй агаад “Мандухайн домог”-т “Дотоод энгэрт минь Долоон хөвүүн төрүүл, Гадаад энгэрт минь, Ганц охин төрүүл” гэдэг бол Говийн домогт “Би яруу эгшиглэн болсу, Би дууль болж орчлонд үлдэе” гэнэ.
Солиот эхийн унаж ирсэн Хилэн хар хэмээх морь нь “Хуурын үүслийн домог”-ийн Хөхөө Намжилын хар морь байгаа бол Эгэлэр хаан, Хуурч нарын дүр нь Орос, Европын үлгэр, тухайлбал Ж.Роулингийн “Харри Поттер”-т гарах нэг нэгнийхээ амийг зөрж сахисан зохиомжтой дүрүүд байгаа нь сонин.

Иймэрхүү үлгэрийн киноны уламжлал манайд бий бөгөөд тодорхой жишээ дурдваас найруулагч Готтфрид Кольдиц (Ардчилсан Герман), Р.Доржпалам нарын “Алтан өргөө” (1961), найруулагч Ж.Бунтарын “Эх бүрдийн домог” (1975), П.Цогзолын “Бушхүүгийн үлгэр” (1979) зэрэг. Уг бүтээл нь хэлбэр сайтай агуулга муутай бөгөөд зүйрлэвэл үнэтэй алтан хайрцагт хийсэн ганцхан удаа буцалсан усанд дүрж уух лимонтой цай шиг кино аж.