Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар өчигдөр 11:03 цагт 5.8 магнитут, 11:14 цагт 3.6 магнитут, 11:55 цагт 4.5 магнитут, 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөжээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхэнээтэй холбогдож тодрууллаа.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн. Газар хөдлөсний улмаас Есөнбулаг, Тонхил суманд 7 байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн байна гэж бидэнд мэдэгдсэн. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт сумд болон Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын иргэдэд мэдрэгдсэн байна.