Говь-Алтай аймгийн Тонхил, Бигэр, Халиун сумын газар нутагт хөдлөсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Үүнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар өчигдөр 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв. Хоёр хоногийн өмнө газар хөдлөсний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тонхил суманд 7 байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн юм.

Мөн тус аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар өнөөдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг бүртгэн авчээ. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар өнөөдөр 04:46 цагт, 05 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллээ.

Дөрөв хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Халиун суманд болсон 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг Европ-Газрын дундад тэнгис орчмын газар хөдлөлтийг судлах олон улсын судалгааны байгууллагын бүртгэлд бүртгэсэн юм. Энэхүү газар хөдлөлтийг газрын 10 км-ын гүнд болсон гэж бүртгэгдсэн байна.