ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Хууль зүйн яам “Google” компанийг эзэмшигч “Alphabet” компанид ахлах инженерээр ажиллаж байсан Антони Левандовскиг технологийн хулгайн хэрэгт буруутгажээ.


А.Левандовскиг “Alphabet” компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн технологитой холбоотой хэрэгт буруутгасан бөгөөд тэрбээр “Alphabet” компанийн “Waymo” төслөөс 2016 онд гарч, тун удалгүй “Uber” компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн төсөл дээр ажиллаж эхэлсэн ажээ. 


Одоогоор хувийн фирмийнхээ үйл ажиллагааг хариуцаж буй 39 настай А.Левандовски өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. “А.Левандовски “Uber” эсвэл өөр бусад компани, хэн нэгэн хүнд нэг ч нууц материал өгч байгаагүй” гэж түүний өмгөөлөгч Майлз Эрлих мэдэгджээ. 



Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар, А.Левандовски “Waymo” төслөөс гарахаасаа өмнө "Alphabet” компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн технологитой холбоотой олон мянган файлыг татаж авсан ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг