Гоо сайхны бүтээгдэхүүн дэх химийн бодис, найрлагад бид нэгэн цагийг бодвол анхаардаг болжээ. Юун түрүүнд эрүүл мэндэд хортой бодис агуулсан бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох органик гаралтай арьс арчилгаа, гоо сайхны зүйлс авдаг болсон. Гэхдээ химийн бодистой байлаа гээд шууд татгалзах ёстой юм биш. Та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа дараах 10 бодисыг анзаарч хайхад л болно. Яагаад тэднийг хайх ёстой, юуг анхаарах ёстойг танилцуулъя. 

Parabens-Парабен

Парабен бол гоо сайхны бүтээгдэхүүнд хамгийн түгээмэл ашиглагддаг хамгаалагч юм. Үүгээр бактери, мөөгөнцөр, хөгц үржихээс сэргийлдэг. Хэдий сайхан сонсогдож байгаа ч үнэндээ хүний биед ормогцоо ихдэхээрээ хөхний хорт хавдар үүсгэдэг эстроген шиг болж хувирдаг байна. Парабен нүүрний будаг, биеийн саван, суганы үнэр дарагч, шампунь, нүүр цэвэрлэгчид агуулагддаг. 

Synthetic colors-Өнгө оруулагч

Таны авах гэж буй гоо сайхны бүтээгдэхүүн дээр FD&C эсвэл D&C гэсэн тэмдэглэгээ байвал хиймэл өнгө оруулагчтай гэсэн үг. Эдгээр будгийг нефть, чулуун нүүрсний давирхайгаас гаргаж авдаг бөгөөд хорт хавдар үүсгэдэг, арьсыг цочроох, хүүхдийг анхаарал дутагдах, хэт хөдөлгөөнтөх (ADHD) гэх өвчтэй болгодог аж. Европын холбоонд энэхүү бодисыг хэрэглэхийг бүрэн хориглосон. 

Fragrance-Үнэр

“Үнэр” гэдэг найрлагаар компаниуд биенээсээ нууц жороо халхалдаг. Гэхдээ хэрэглэгчийн үүднээс авч үзвэл таны эрүүл мэнд, гоо сайхныг энэ “үнэр” яаж ч мэдэх шүү дээ. Ерөнхийдөө үнэрт агуулагдсан бодисууд аллерги, дерматит, амьсгалын замын саад, зарим тохиолдолд нөхөн үржихүйн ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг. Үнэр ихэвчлэн үнэртэй ус, үнэр дарагч, ангижруулагч, шампунь, биеийн саван, чийгшүүлэгчид агуулагддаг байна. 

Phthalates-Фталат

Хуванцрыг зөөлөн, уян хатан болгодог гол химийн бодис. Хумсны будагт ихэвчлэн дибутилфталат, үнэртэй ус, лосионд диэтилфталат, үсний цацлагад диметилфталат агуулагддаг. Тэд хөхний хорт хавдрын шалтгаан болдог эндокриныг замбараагүй болгож, охидын хөхийг эрт ургуулж, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ургийн гажигтай болгодог аж. Харамсалтай нь энэхүү бодисыг найрлага дээр бичдэггүй, “үнэр”-ээр халхалдаг байна. 

Triclosan-Триклозан 

Микробын эсрэг энэхүү химийн бодис бамбай, нөхөн үржихүйн гормонд нөлөөлж, арьсыг цочроодог. Сүүлийн үеийн судалгаанууд триклозанаас болж бактериуд антибиотикт тэсвэртэй болдгийг баталсан. Түүнчлэн триклозан агуулсан бактерийн эсрэг саван энгийн савангаас илүү ач тустайг батлах хангалттай судалгаа байхгүй. Энэхүү бодис шүдний оо, бактерийн эсрэг саван, суганы үнэр дарагчид агуулагддаг. 

SLS, SLES-Содиум сульфат

Содиум лаурил сульфат (SLS), Содиум лаурет сульфат (SLES) хэмээх энэ бодис гоо сайхны бүтээгдэхүүний 90 хувьд агуулагддаг. Хөөсөрдөг бүхий л бүтээгдэхүүн үүнд багтана. SLS арьс, уушги, нүдийг өвчлүүлж нитрозамин, карциногентэй урвалд орохоороо бөөр, амьсгалын замыг гэмтээдэг. 

Formaldehyde-Формальдегид

Формальдегид ба түүнийг ялгаруулагч хамгаалагч бодис ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнийг бактери ургахаас хамгаалдаг. Олон улсын карциноген судлалын байгууллагаас энэхүү бодисыг хорт хавдар үүсгэгч хүчин зүйл гэж үзээд хамар хоолойн хавдрын шалтгаан болохыг тогтоосон. Түүнчлэн арьсны аллерги хөдөлгөж, дархлааны системийг гэмтээдэг. Энэхүү бодис хумсны будаг, биеийн саван, ангижруулагч, шампунь, цэвэрлэгч, нүдний теньд элбэг агуулагддаг ажээ. 

Toluene-Толуол

Нефть болон нүүрсний давирхайгаас гаргаж авдаг химийн бодис. Будгийг задалж, нимгэлдэг хүчтэй. Амьсгалын замын ажиллагаанд нөлөөлж, дотор муухайруулах, арьс цочроох, дархлааны системийг хордуулдаг. Ургийн хөгжлийг гэмтээдэг тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэх хориотой. Үс будагч, цайруулагч, хумсны будаг, хумс эмчилгээний бүтээгдэхүүнүүдэд элбэг байна. 

Propylene glycol-Пропиленгликоль

Пропилен гликоль арьс арчилгааны нэг хэсэг болдог органик гаралтай спирт юм. Гэвч арьсыг цочроож, дерматит, гүвдрүү үүсгэдэг. Нийт найрлагын ердөө хоёр хувийг эзэлж байсан ч ийм хэмжээнд нөлөөлөх аюултай. Чийгшүүлэгч, нарны тос, нүүр будаг, ангижруулагч, шампунь, үсний цацлага гэх мэт бүтээгдэхүүнд агуулагддаг. 

Sunscreen chemicals-Нарнаас хамгаалагч бодис

Эдгээр химийн бодис нарны хэт ягаан туяаг шингээж хамгаалдаг. Арьсаар дамжин хүний биед тун амархан шимэгдэж эндокриныг сэргээдэг. Мөн эсийг гэмтээж, хорт хавдар үүсгэх магадлалтай. Түгээмэл хэрэглэгддэг нэршил нь бензофенон, ПАБА, авобензон, гомосалат  болон этоксициннмат юм. Нарнаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнд бий.