ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Голаны өндөрлөг бол Израилийн нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа.

Баримт бичигт гарын үсэг зурах ёслол Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Цагаан ордонд хийсэн хэлэлцээний хүрээнд болсон байна. Уг арга хэмжээ болон хоёр орны удирдагч нарын сэтгүүлчдэд хийсэн хамтарсан мэдэгдлийг Америкийн телевизийн мэдээллийн сувгууд шууд дамжуулжээ.

Израил улс “батлан хамгаалахын салбарт өдөр бүр томоохон сорилтуудтай тулгарч байна. Тиймээс тус улсын өөрийгөө хамгаалах чадварыг бэхжүүлэхийн тулд өнөөдөр би түүхэн арга хэмжээг авч байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.

Трампын гаргасан шийдвэрт Нетаньяху талархаж буйгаа илэрхийллээ.

“Голаны өндөрлөгийг Израил улсын нутаг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн таны шийдвэр бол түүхэн үйл явдал юм. Энэ шийдвэр бол түүхийн шударга ёсны давхар үйл явдал билээ. Израил улс Голаны өндөрлөгийг шударга дайн явуулсны дүнд авсан, энэ бол өөрийгөө хамгаалах дайн байсан” гэж тэрбээр хэлсэн байна.  

Израилийн Ерөнхий сайдын хэлснээр, Иран улс Израилд цохилт өгөхийн тулд Сирид баазуудаа байгуулахыг оролдож байгаа энэ үед тунхаг бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой. 

Трамп тунхагт гарын үсэг зурсан хар өнгийн эсгий оройн үзгийг /фломастер/ Нетаньяхуд дурсгаад, дараа нь “Израилийн ард түмэнд” дурсгал болгон өгөхийг хүсжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг